Украйн улстай хамтран онцгой байдлаас урьдчилан сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 17

 “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хэлэлцээрт энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр талууд гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрт онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг арилгах чиглэлээр хамтран ажиллах тогтолцоо бий болгох, онцгой байдлын үед мэдээлэл солилцох, харилцан туслах, гамшгийн хор уршгийг арилгахад харилцан тусламж үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх, гамшгийн аюулаас болж хүрээлэн байгаа орчин, иргэдийн эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдлийг үнэлэх зэрэг олон асуудлыг тусгасан байна.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим ажилд шаардагдах санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэхээр зорьж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт оруулахаар тогтлоо. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 23600 гаруй айлын хувийн болон нийтийн орон сууц баригдах юм. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top