“Чингэс хааны академи”-ийн П.Давааням АН, МАН-ыг татан буулгахаа зарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 17

“Чингэс хааны академи” гэхээр хүн бүр “Өө, өнөөх Давааням” хэмээн үүх түүх ярьж эхэлдэг болсон бололтой. Монгол ёс, уламжлалаа сэргээн хөгжүүлэх санаа зорилгоороо нэгдэгчид олон болсны шинж юм болов уу даа. Дэлхийн томоохон улс орнуудын судлаачид ч бас П.Даваанямыг мэддэг болжээ. Түүнд Америк тэргүүтэй олон орноос шагналын хур бууж буй. Их эзэн Чингэс хааны өв  соёлыг таниулсан түүний зүтгэлийг ийнхүү үнэлж байна. Гэвч мань эр сүүлийн үед улс төрөөр оролдож эхэлжээ. Түүний удирдаж байгаа тус академийнхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийж өнөөгийн эрх баригч МАН, АН-ыг татан буулгах тухай ярьсан нь улс төрийн хүрээнийхэнд төдийлөн таалагдаагүй бололтой. 2008 оны сонгуулийн үеэр ч тэд мөн ийм зүйл ярьж байсан юм. Тэгвэл энэ удаа П.Давааням  академийнхаа дэргэд “Мэргэжлийн улс төрчдийн нийгэмлэг” гэгчийг байгуулжээ. Тэрхүү нийгэмлэгээс өнгөрсөн хугацаанд 700 мянга гаруй иргэдийн дунд санал асуулга явуулж, эцэст нь ийм дүгнэлт хийсэн бололтой. Өнөөгийн төр засгийн эрхийг барьж байгаа хоёр том нам нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэсэн судалгааны дүн гарсан тул эдгээр намыг татан буулгах шаардлагатай гэж тооцсон юм байна. Гэхдээ аливаа улс төрийн хүчнийг хөндлөнгөөс нь шаардаад байхгүй болгочих боломж тун хомс ажээ. Харин үнэхээр тэдний үнэлэлт дүгнэлт бодитой бол хоёр том нам энэхүү нөхцөл байдлыг шүүн хэлэлцээд тарах шийдвэрээ гаргаж болох талтай. Эсвэл нийгмийн бүлгүүд нэгдэж, томоохон хөдөлгөөн өрнүүлэх, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн янз бүрийн хэлбэрүүдийг сонгон тэмцэх замаар тарааж болох юм. П.Даваанямынхан харин одоогоор хэрхэн тэмцэхээ нийтэд зарлаагүй байгаа ажээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top