Хоригдол эмэгтэйчүүд хутга, гар утсаар сэмхэн хангагдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 17


 

Эмэгтэйчүүдийн хориход бослого гарч гэнэ гэсэн яриа сүүлийн өдрүүдэд хүмүүсийн сонорыг дэлсэж хэвлэл мэдээллийнхэн яаран сандран тус ангийг зорьжээ. 25 дугаар суваг телевиз, “Өдрийн сонин”-ыхон хамгийн түрүүнд гүйж очсон байна. Хүн ер нь аливаа дуулиант мэдээлэлд илүү татагдаг хойно арга ч үгүй биз. Гэхдээ тэрхүү мэдээлэл ор тас худал байгаагүй бололтой. Харин 1990-ээд оны эхээр нэрт сэтгүүлч асан Батбаяр “Чингэлтэй уулын ард Алмас явж байна” гэсэн нь жинхэнэ худал, мань эрийн санаанаас урган гарсан хошин мэдээлэл байж билээ. Тухайн үед түүний тийнхүү бичсэн “Алмас” бүхий “Залуучуудын үнэн” сонины эрэлт хэрэгцээ огцом өссөн гэдэг. Тэгвэл Zindaa.mn сайт “Эмэгтэйчүүдийн хориход бослого гарчээ” гэсэн мэдээллээрээ харин ч олон нийтээс хаалттай шоронгийн амьдралын эрээн барааныг ил тод болгоход тусалж буй хэрэг болов уу. Тэнд бослого гарах нөхцөл бол хангалттай байна.  Хоригдол эмэгтэйчүүдийн эргэлтийн байрын цонхыг хаасан нь үнэн байлаа. Мөн энд эргэлтээр ирэгчид хоригдол бүсгүйчүүдэд нууцаар гар утас, хутга мэс өгдөг гэнэ. Энэ нь хоригдлуудын дунд үе үе болдог том, жижиг зодоонтой холбоотой бололтой. Хоригдлууд хоорондоо муудалцаж, зодолдоод ялагдал хүлээсэн нь ар гэрийнхэн болон найз нөхөддөө иймэрхүү зүйлийг захиж авчруулан дараагийнхаа зодооноор ялагч болж “тодрох”-ыг хүсдэг байж болох юм. Мөн энэ удаагийн “бослого”-ын дуулианаар хүрч очсон сэтгүүлчдийг хорих ангийн дарга А.Намсаманд жаахан дурамжхан хүлээж авсан бөгөөд сахилгын байр, чанга дэглэмийн хорих өрөө тасалгаагаар оруулаагүй юм. Зөвхөн наана буюу жирийн дэглэмийнхэнтэй уулзуулжээ. Тус хориход одоо зургаан эх нярайлж, хүүхдүүд нь сайн өсч бойжиж байгаа юм байна. Тэндэхийн ажилчдын ярьснаар бол сүүлийн жилүүдэд тус хорих 407 дугаар анги нь хүүхдийн цэцэрлэг шиг болжээ.

Мөн энд хүнд гарууд бас цөөнгүй бий. Хэдэн жилийн турш шуугиан тарьсан өнөөх Хадгаламж зээлийн хоршооны эмэгтэй эздээс С.Самбалхүндэвийн эхнэр Р.Баярмаа, “Жигүүр инвест”-ийн Г.Бумгэрэл, “Орлёнок”-ын захирал гээд олон хүн “Говь” компанийн оёдлын ажил хийж буй ажээ. “Буян”-гийн Жагаа ч бас тэдний хүчийг дайчилж,  харьцангуй хямд ажиллах хүчээр их зүйл бүтээдэг юм байна. Хоригдлууд бослого гаргаагүй гэх боловч  ийм байдал хэзээ ч үүсч болзошгүйг хаа хаанаа анхаарч буй харин сайшаалтай.

Сэтгүүлч Б.Отгонбаяр   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top