Өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй дуучин Б.Маралжингоо энэ зуныг хөдөөгүүр өнгөрүүлжээ. Бүсгүйчүүдийн сонирхлыг төдийлөн татдаггүй загасчлах туйлын дуртай зан ааваас нь өвлөсөн гэдэг. Загасчлах явцдаа шинэ уран бүтээл, амьдралын тухай эргэцүүлэн боддог тэрээр өөрийгөө гутранги үзэлтэй зүгээр гөлийгөөд суучихдаг нэгэн биш хэмээн тодорхойлдог. Үзэгчдэд ихэвчлэн нүдний шилтэй харагддаг түүнийг шилний овоо их цуглуулгатай биз хэмээн сониучирхсан сэтгүүлчийн асуултанд дуучин бүсгүй олон шил ээлжилж зүүдэггүйгээр барахгүй рам нь яажийж шил нь сэвтсэний дараа л сая нэг шинэ шил авдаг гэжээ. Тэрүүгээр барахгүй биендээ эвтэйхэн, дассан гэдэг утгаараа өмссөн хувцсаа элэгдэж муудтал нь өмсөх дуртай аж. Бүр эдлэх аргагүй болсон цагт нь ч хаялгүй музейдээ хадгалчихдаг гэх түүний яриаг сонсоход “Хаяна гэж бодож байна уу үгүй байхгүй юу “гэсэн хошин шогийн үзүүлбэр өөрийн эрхгүй санаанд оров. Уран бүтээлчид ихэвчлэн нэг хувцсаа дараалж өмсөх нь битгий хэл нэг тоглолтон дээрээ нэлээн хэдэн хувцас солин “Хувцсаар нь үдэж ухаанаар нь үддэг” гэдэг үгийг ихэд чухалчилдаг. Харин дуучин Б.Маралжингоогийн хувьд бол онцгой гадаад имидж бүрдүүлэхийг төдийлөн хичээдэггүй тул дотны найзуудынхаа “Чи нэг юмаа л хэрэглэх юм” гэсэн шүүмжлэлийг чихнийхээ гадуур өнгөрөөдөг гэсэн. Хувцсанд биш уран бүтээлдээ илүү анхаарал тавьдаг дуучин маань харин авьяас нь нэг өдөр алга болбол ёстой “тасарсан” гутарсан хүн болох байх гэж өөрийгөө дүгнэсэн байна.
О.Сайнтуяа.
Сэтгэгдэл ( 0 )