Саяхан хэд хоног хүйтрэхэд л нүүрс түлээ, зуух халаалт нь нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа хүн бүхний толгойны өвчин болсон. Засгийн газраас "Утаагүй Улаанбаатартай болно" гэж иргэдээ уяраасаар л ... Европын стандарттай зуух гээчийг нийгмийн хариуцлага хүлээдэг гэж өөрсдийгөө рекламддаг "М-Си-Эс" групп Улаанбаатар хотын захиргаа, Мянганы сорилтын сан, Хас банк, "Сэлэнгэ констракшн" компанитай , хамтран бүрэн шаталтат зуухны төслийг хэрэгжүүлсэн. Харамсалтай нь энэ зуух сурталчилгаа, шахаа сайтай л болохоос биш чанар сайтай биш аж. Европын стандартын "Дээрээс шаталттай зуух" гээчийг айл өрх болгонд хүргүүлж "Заавал ав, авахгүй бол хорооны дарга нар чинь харж байгаад нүүлгэн хотоос хөөнө шүү" гэж айлган шахаа хийж байгаа. Тив алгасан заларсан шинэ зуухаа хэд хоногийн хүйтэнд зуухаа галлаж ид шидийг нь үзэх гэсэн ЧД-ийн иргэн Ж.Цоггэрэлийнхэн гэр бүлээрээ угаартан хордлого тайлах төвд хүргэгдсэн байна. Дахиад хэдхэн л минут болсон бол бүгд өнгөрөх байсан гэж хохирогчид ярьж байна лээ. "М-Си-Эс"-ийнхний идэвхтэй оролцоотой шахаж буй зуухны балаг энэ. Турк улсад бодит үр дүнгээ өгсөн гэж магтагдсан тус зуухыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3100 өрх түлшээ хэмнэж, дулаанаа удаан
барина хэмээн итгэж гэртээ тавиулаад байгаа. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 7-18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9, 11-18 дугаар хорооны иргэд энэ арга хэмжээнд хамрагдаад байгаа юм. Иргэдийн худалдан авах чадварыг харгалзан, байж болох хамгийн доод төвшинд хүртэл үнийг эрс хямдруулсан болохоор гэр хорооллын иргэдэд ч энэхүү зуухыг тавиулахад хүндрэл учрахгүй байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид магтдаг. Гэвч яг хэрэг дээрээ маш их хүндрэл бэрхшээл дагуулж байгаа гэнэ. Адгийн наад зах нь л талхныхаа мөнгийг яая гэж байгаа гэр хорооллын айлууд зуух авахгүй бол гал түлэх ч эрхгүй болох тул хорооны даргын дарамтанд орж байгаа аж. Засгийн газраас дэмжлэгтэй зуух "шахах" төслийг "М-Си-Эс" групп, "Сэлэнгэ констракшн" компаниуд хамтран гүйцэтгэж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ "Сэлэнгэ констракшн" нь"М-Си-Эс" группын охин компани юм. Зайсангийн наана байрлах үйлдвэрийх нь хашаанд байрладаг юм билээ.
М-Си-Эс маягийн магтаал
М-Си-Эс групп, Сэлэнгэ констракшн компанийн хамтран хэрэгжүүлж буй зуух нийлүүлэх Үйл ажиллагааг хариуцсан захирал Л.Ганболд: -"Манайд одоо
гөлмөн төмөр зуухыг түлхүү хэрэглэж байна. Шаталт дутуу, бас хорт утаа ихээр ялгаруулдаг. Харин Турк улсад Монголын захиалгаар хийсэн энэ зуух бол утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг наад тал нь 30 хувь хэмнэх бололцоотой. Зуухны эд анги нь өөрөө Европын холбооны улсуудын өндөр шаардлага
хангасан. Шаталтын горим нь дээрээсээ доошоо галлах зориулалттай, ширмэн хийцтэй тул түүхий нүүрсийг бүрэн шатааж, утаа нь цэвэршиж гардаг юм. Нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх хорт бодисыг бүрэн шатааж, мөн дулаанаа удаан барьдаг. Иргэд түүхий нүүрсэнд өгч байгаа мөнгөө ч хоёр дахин хэмнэх юм. Мөн манай компани зуухандаа хоёр жилийн баталгаа өгч байгаа. Одоо манай зуухыг тавиулаад байгаа 3100 өрх халуунаа удаан барьж байна, өвөлд олон гал түлэх шаардлагагүй боллоо гэхчилэн сайхан мэдээг бидэнд дуулгаж байгаа. Энэ бол төр засаг, хотын захиргаа, олон улсын хандивлагч байгууллага, хувийн хэвшил гээд бүх талууд хамтран хэрэгжүүлж байгаа ажил. Зуухны үнийг хамгийн боломжийн, доод үнэд хүргэж, татаас, хөнгөлөлт олгож байна. Бидний зүгээс 70 мянган айлыг хангах зуухны нөөц, хүн хүч, машин техникээ хангалттай бүрдүүлсэн, утаа буурах эсэх нь одоо иргэдийн идэвх, санаачилгаас ихээхэн хамаарна. Иргэд зуухаа захиалахад л хангалттай, бид гэрт нь хүргэж, суурилуулж өгнө" гэх мэтчлэн зуухаа магтсан. Харин утаагүй зуух аваад гэр бүлээрээ угаартан эмнэлэгт хүргэгдсэн ЧД-ийн 12-р хорооны иргэн Батчимэг ийнхүү ярьж байна.
-Танайх "М-Си-Эс" групп, "Сэлэнгэ констракшн"-ы хэрэгжүүлж буй төслийн гэгдэх зуухыг худалдаж аваад гэр бүлээрээ угаартсан юм байна. Хэдэн хүн угаартсан бэ?
-Манайх энэ зуухыг аваад арваад л хонож байна. Сурталчлаад байхаар нь утаа тортог бага гайгүй юм байх гэж бодсон чинь бүүр тэрнээсээ эс юм болсон. Өнгөрсөн бямба гаригт өглөө таван цагийн үед эмнэлэгт хүргэгдсэн. Урьд орой нь хүйтэн байхаар нь жаахан мод түлж байгаад унтахдаа нүүрс хийсэн чинь утаа гарч байгаад гайгүй болчихоор нь унтаад өгсөн чинь ийм юм болсон. Манайд зургаан хүн байсан бүгд угаартсан. Хүүхдүүд маань бүүр татчихсан байсан.
-Одоо биеийн байдал чинь гайгүй юу?
-Одоо бол гайгүй ээ. Хордлого тайлах эмчилгээ хийлгээд байхад л хоёр хоног манаралтын байдалтай байсан.
-"М-Си-Эс" групп, "Сэлэнгэ констракшн"-ы төсөл хэрэгжүүлэгч хүмүүстэй
холбоо барьсан уу. Юу гэж байна.
-Холбоо барьсан. Хүмүүс ирээд үзээд явсан. Би тэр хүмүүст нь ханан пийшинд суурилуулах хэрэгггүй юм байна гэдгийгхэлсэн. Намайгхэвлэлээр битгий тараагаарай гэж байна лээ.
-Та тэгээд пишингээ яасан ?
Пийшинг нь буцааж өгч байгаа. Энүүгээр яахав. Мөнгийг маань буцааж өгнө гэсэн. Уг нь их л үнэтэй юм гэсэн. Тэгээд засгийн газраас дэмжээд арай хямд үнээр зарж байгаа. Манайх л гэхэд "Хас" зуухыг нь 60,000 аар авсан.
-Энэ хавийн айл өрх бүгд зуух авсан уу?
-Тэгсэн. Байшинтай айлд ханан пийшинд бол таарахгүй л юм байна. Энэ хавийн айлуудаас дандаа л утаа саагаад байна лээ.
Л.ОЮУНТУНГАЛАГ
Сэтгэгдэл ( 0 )