“Азийн топ модель” Шилмэл загвар компаний загвар өмсөгч Т.Туяамаа, О.Ариунзул, Б.Номин-Эрдэнэ нартай Zindaa.mn ярилцлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 28

  Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг  “Азийн супер модель” тэмцээнд  амжилттай оролцон  багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж “Азийн топ модель” хэмээх хүндтэй  шагналыг хүртээд ирсэн  “Шилмэл загвар” компаний загвар өмсөгч  Т.Туяамаа, О.Ариунзул, Б.Номин-Эрдэнэ нартай ярилцлаа.  

-Юуны өмнө “Азийн топ модель” болсонд баяр хүргэе. Өөрсдийгөө танилцуулна уу?


-Намайг Түмэнжаргалын Туяамаа гэдэг. 19 настай. Дорнод аймагт  10 жилээ төгсөөд оюутан болоод хотод ирсэн. Одоо  МУИС-ийн  Социологийн 3-р курст суралцдаг. “Шилмэл загвар” компанид ажиллаад 3 жил болж байна.


-Намайг Оюунбаатарын Ариунзул гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн банкны эдийн засгийн 2-р курст  суралцдаг. “Шилмэл загвар” агентлагт 2 дахь жилдээ ажиллаж байна. Дорнод аймгийнх.


- Намайг Батхуягийн Номин-эрдэнэ гэдэг. Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуульд  8-р ангиа төгсөөд хотод 9-р ангиасаа орж ирсэн. Одоо 6-р сургуульд сурдаг.  “Шилмэл загвар” компанид ажиллаад 5,6 сар болж байна. Өмнө нь загвар өмсч байгаагүй. Энэ тэмцээнд орохдоо Шилмэл загвараас  зохиогдсон “Нью модель” тэмцээнд 1-р байр эзэлсэн. Одоо 14 настай.

-  Анх яаж загварын ертөнцөд хөл тавих болов?

-Туяамаа:  Миний хувьд бусад охидуудын адил багаасаа  загвар өмсөгч болохыг хүсдэг байлаа. Хоёр настай байхаасаа ээжийнхээ оёсон хувцсыг орцныхондоо өмсөж үзүүлээд, тэр үеэс эхлээд  манай байрныхан намайг орцны мисс гэж өхөөрдөн дууддаг байсан.  Намайг 14 настай  байхад “Азийн модель” агентлаг Дорнод аймагт сургалт явуулж тэр сургалтанд суусан маань загварын ертөнцөд хөл тавихад их нөлөөлсөн гэж боддог. Дунд ангид байхаасаа  загвар өмсөөд, 14 настайдаа “Азийн модель” агентлагийн тэргүүн Содтуяа багшийн гарын шавиар орж загварынхаа А үсгийг заалгаж анх загварын ертөнцөд хөл тавьсан. Оюутан болж ирээд “Шилмэл загвар”-т гэрээт загвар өмсөгч болж ажилласан.

- Ариунзул: Ер нь охидууд багаасаа  гоо зүйн мэдрэмжтэй, мисс болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг. Миний хувьд бас адил. Анх 13 настайдаа “Үнсгэлжин” наадамд оролцож  өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр шалгараад хотод  “Хаврын гоёл” наадамд явах эрхийн бичгээр шагнуулж байсан. Тэр үед шүүгчид нь Шилмэлийн багш нар байсан.  Загварынхаа гарааг “Шилмэл загвар”-ынхаа агентлагт заалгаад, 14 настайдаа хотод “Хаврын гоёл” наадамд оролцож байсан. Түүнээс хойш Дорноддоо сургуулиа төгсөөд одоо “Шилмэл загвар” компанид  1 жил ажиллаж байна.

-Номин-эрдэнэ: Би ер нь жаахан байхаасаа л үеийнхэнээсээ өндөр байсан. Багаасаа  загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан. Зургаан сарын өмнөөс “Шилмэл загвар”-ын Энхмаа багшийн удирдлаган доор суралцаж  загварын дамжаагаа төгсөөд энэ тэмцээнд ороод “Азийн супер модель” болсон байгаа.

-Одоо тэмцээнийхээ тухай ярилцах уу?

- Туяамаа: “Азийн супер модель”-ийн тэмцээнд бид оролцоод ирсэн. Азийн 12 орны нийт 36 модель энэ жил оролцсон. Дэлхийд моделийн тэмцээний чансаагаараа 3 дугаарт бичигддэг энэ  тэмцээнд  Хятад, Япон, Солонгос улсуудаас тав таван модель оролцдог. Яагаад гэвэл ерөнхий зохион байгуулагч гэдэг утгаараа. Бусад орнуудаас гурван модель оролцдог. Тухайн улсдаа дөнгөж гарч байгаа шилдэг моделууд оролцдог тэмцээн байгаа юм.

-Энэ тэмцээнд  оролцохын тулд ямар шалгуурыг давсан байх ёстой вэ?

-Ариунзул:  Энэ тэмцээнд моделиудаа оролцуулахын тулд “Нью модель” гэсэн тэмцээнийг ” Шилмэл загвар” урьдчилж реалити хэлбэрээр зохион байгуулсан. Энэ тэмцээн 3 сар үргэлжилж ялагч нь “Азийн супер модель”-д явах эрхээр шагнагдсан. Манай Номин-эрдэнэ маань энэ тэмцээнд ялагчаар  тодроод явах эрхтэй болсон.

 Гэрээт моделиудын дунд шалгаруулалт хийгээд эхлээд тэндээсээ таван модель сонгосон бол нэг нэгээр нь хасаад сүүлд нь хоёр модель шалгараад “Нью Модель”-оос шалгарсан моделтэйгээ явдаг. Туяамаа бид  хоёрын хувьд энэ тэмцээнд  бүтэн нэг жил бэлдээд  явсан.

Тэгэхээр загвар өмсөгч охидууд маань гэрээт, мэргэжлийн гээд ялгаатай байдаг гэсэн үг үү?

-Туяамаа: Загварт эхлэн суралцагч, анхан, дунд, гүнзгий гэсэн дамжлагатайгаар ” Шилмэл загвар” агентлагийг төгсдөг. Гүнзгийгээ төгссөн охидуудаас шалгаад  гэрээт моделийг шалгаруулж авдаг. Ариунзул бид хоёрын хувьд  гэрээт модель.

Тэмцээний сониноос хувааалцаач?

-Сонин хачин зөндөө. 8 сарын 25-наас  9 сарын 8-ны хооронд үргэлжилсэн. Хятадын Гуляан хотод эхний дөрвөн хоног нь явагдаад сүүлийн өдрүүд нь Хятадын Наняан хотод финал нь явагдсан.

Өмнө нь та гурвын хувьд олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

-Туяамаа: Би “Мисс Монголиа 2010” тэмцээнд авьяаслаг миссээр шалгарч байсан. Мөн оны өмнө Манжуурын мисс олон улсын миссийн тэмцээнд оролцож 3-р байр эзлээд дээрээс нь “Шилдэг үндэсний хувцас” ны загвар өмсөгч гэсэн хоёр шагналыг авч байсан.

-Ариунзул: Би “Шилмэл загвар”-т ажиллаад 1 жил болж байна. Энэ хугацаандаа “Гоёл-2011” наадмаас Германы "Grundig brand"-ийн нүүр царай гэсэн шагналыг авсан. Дараа нь Өвөр Монголын Ордос хотод болсон “Монгол туургатны гоо бүсгүй, гоо залуу” шалгаруулах тэмцээнд топ 10-д багтсан.

-Номин-эрдэнэ: Миний хувьд энэ бол гадны хамгийн анхны том тэмцээн байгаа. Би одоо 14 настай. Энэ тэмцээнд 17-23 насны хооронд шагнал авах эрхтэй. Шагналын насанд хүрээгүй ч уг тэмцээнд оролцоод дахин оролцох эрх авсан. Шүүгч нар энэ тэмцээнд нэг оролцсон хүн 2 дахь удаагаа оролцох эрхгүй байдаг. Өөрийгөө сайн бэлдээд дахин ирж оролцоорой гэсэн.

-Насны дээд доод хязгаар гэж байх уу?

- Номин-Эрдэнэ: Дээд, доод хязгаар гэж байгаа. Гэхдээ “Нью модель”-ийн ялагч явах ёстой гэсэн болохоор явсан. Чайна бэнтли гээд Хятадын хамгийн том загварын компаний  захирал нь Монголд ирээд “Нью модель” тэмцээнийг шүүсэн. Бас нэг том сонин гэх юм бол Чайна бэнтлигийн захирлаас бид гуравт Хятадын “Fashion week”-д моделиор оролцох эрхийг өгсөн. Дэлхийд “China fashion week” маш дээгүүрт ордог загварын шоу. Энэ тэмцээн маань өвөл болно. Долоо хоногийн турш маш олон алдартай дизайн нарын бүтээсэн хувцсыг өмсөж  бусад орны загвар өмсөгчидтэй хамт оролцоно.

- “Азийн супер модель” шалгаруулах тэмцээн ямар шалгаруулалтаар явагдав?

-Туяамаа: Ер нь мэргэжлийн модель хүн ямар байх ёстой вэ тэр бүгдийг  шалгаж байсан. Жишээ нь бид нар тэнд очоод эхний дөрөв хоног битүү зураг авалтанд орж сэтгүүлийн зураг, гадуур байгалийн үзэсгэлэнт газруудаар зураг авалт, рекламын зураг авалт, уул руу авираад 30 гаруй хэмийн халуунд  эсгий хувцастай,өсгийтэй гуталтай олон цаг явах  гэх мэтчилэн хэцүү даалгаварууд байсан. Модель хүн бас тэсвэр тэвчээртэй байх чанарыг өөрөө агуулсан байх ёстой. Мөн ёс суртахууны хувьд дээд зэргийн түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Бусад орны моделуудтай хэрхэн харилцаж байна, гадаад хэлний мэдлэг ч гэх юмуу ер нь бүх талаас нь л харж байсан. Мэргэжлийн модель хүн тайзан дээр ямар алхааны техниктэй байх ёстой, хувцастай хэрхэн харьцах ёстой гэх мэтчилэн моделийг тал бүрээс нь харж байж шалгаруулсан .

- Хаанахын  загвар өмсөгч  хамгийн хүчтэй  өрсөлдөгч байв?

- Ариунзул: Хятадын моделиуд маш хүчтэй байсан. Тэд бол Хятадын 5 мужаас шалгарч, маш олон дамжлагыг давсан өндөр нам, царай зүс адилхан  5 модель  байсан.

-Насны хувьд?

- Номио 14-тэй хамгийн бага нь, ер нь 14-25 насны моделиуд байсан.

-Хаана байрлаж байв? Бусад орны  моделиудтай  хэр  ойлголцож байв?

- Туяамаа: Ер нь маш нарийн зохион байгуулалттай зохиогддог юм билээ.Очсон өдрөөс эхлээд цагийн хуваарийн дагуу бүх зүйл явагдаж байсан. Яг цагтаа эхлээд, яг цагтаа дуусаад буудалдаа ирж амардаг. Англи хэлээр ойлголцож байсан.

-Ер нь загвар өмсөгч хүн ямар байх ёстой бэ?

-Ариунзул: Загвар өмсөгч хүн   нэг талаараа хүмүүст их амархан юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талаараа маш их хариуцлагатай ажил гэж миний хувьд боддог. Яагаад  гэхээр тэр хүн маш тэвчээртэй, тэсвэртэй байх ёстой. Загвар өмсөж байна  гэдэг маань загвар зохион бүтээгчийн маш их хөдөлмөр  зарцуулсан хувцсыг өмсөж байгаа болохоор гоё амилуулж, өмссөн  хувцасныхаа бүх талууд болон  онцлог шинжүүдийг харуулж, наад зах нь хувцастай гоё харьцдаг байх хэрэгтэй. Мөн алхааны техник, биеэ авч яваа байдал гээд бүх юмаараа төгс байж мэргэжлийн загвар өмсөгч болно.

Мисс, загвар өмсөгч хоёр ялгаатай юу?

-       Туяамаа: Асар их ялгаатай. Мисс хүн бүр модель байдаггүй. Модель болгон мисс байдаггүй. Модель  хүн дизайнерын  хувцсыг цэвэр амилуулах үүрэгтэй. Мисс хүн бол өөрийгөө сайн сайхан талыг бусдад харуулах, хүмүүнлэгийн элч байх ёстой байдаг.

Тэмцээн хэдэн үе шаттай явагдсан бэ?

-       Туяамаа: Бид нар анх очсон  Гуляан хотод  сэтгүүлийн нүүрний танилцуулга, рекламны зураг гээд дандаа зураг авалтууд явагдаж байсан. Эхний дөрөв хоног Гуляан хотод, дараа нь Наняан хотод очиж дандаа хувцаснуудтайгаа тайзны бэлтгэл, зохион байгуулагч охидын тайзны алхааг харж, зааж, сургаж байсан. Тайзны алхаагаа хийгээд яг тэмцээн болж байгаа юм шиг бэлтгэл хийлгэдэг. Тэмцээн хоёр үе шаттайгаар явагдсан. Эхний шат нь 9 сарын 5-ны өдөр болоод тэндээсээ таван шилдэг моделийн номинаци шалгаруулдаг. Маргааш нь жинхэнэ эцсийн финал нь болсон.    Моделийн тэмцээн, миссийн тэмцээнээс ялгаатай.  Шүүгчдийн өмнө бүх моделиуд усны хувцастай  зургаа зургаагаараа орохдоо үсээ арагш нь боогоод, нүүрээ будахгүй, зөвхөн уруулаа өнгөлөөд, жаахан крем тавиад дөрвөн тийшээ эргээд шалгуулдаг.

9 сарын 5-ны орой эхний шалгаруулалт болж 5 фото генечний номинаци шалгаруулаад, 6-ны өдөр топ 10 модель шалгаруулаад тэндээсээ  1-р байр, 2-р байр, Гранпири гэж шалгаруулдаг. Тэр олон моделуудаас топ 10 модель шалгаруулаад тэд нар нь “Азийн топ модель”  гэсэн өргөмжлөл сертификатыг авдаг. Бид хоёр топ 10-т ороод Ариунзул маань 2-р байранд орсон.

-Тэр шагналыг авч байх үед юу бодогдож байв?

- Туяамаа: -Ер нь маш гоё.   Бид өмнө нь  нэг нь ч болтугай  шагнал аваасай гэж бодож байсан. Бид 3 өөрсдийнхөө хувийн дугаарыг Хятад хэл дээр 17, 18, 19 гээд цээжилчихсэн байсан. Ариунзул 17, Туяамаа 18, Номин-эрдэнэ 19 дугаартай байсан. Яг зогсож байсан чинь Азийн топ моделиор дуудахад өөртөө итгэхгүй удаан алхаад, энэ хоёр руугаа хараад би яг мөн үү, зөв сонсов уу гэж бодоод л энэ хоёр маань ч инээгээд тэгээд очиж шагналаа авч байсан. Араас нь манай Ариунзул дуудагдаад. Үнэхээр сэтгэл хангалуун сайхан байсан.

-Эндээс үсчин, гоо сайханчтайгаа  явсан уу?

-Эндээс 4 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Шилмэл загварын менежер Мөнхцэцэг явсан. Нүүр будалт, үс засалт  гээд  үнэхээр зохион байгуулалттай нь тэмцээний үеэр маш их  мэдэгдэж байсан. Хүн бүр 1 үсчин, 1 нүүр будагчтай. Гарах бүрд үсний засалтыг өөрчлөөд гоё янзлаж өгсөн. Миссийн тэмцээнд хүн өөрөө бүх зүйлээ бэлддэг. Харин саяын моделийн тэмцээнд манай Шилмэл загвараас бүх зардлыг даагаад , үндэсний хоёр коллекц авч явсан. Тэнд очоод цаанаас нь бүгдэд нь ижил хувцас өгөдөг. Энгийн үед бүгдээрээ кет өмсөөд, бүх моделууд яг ижил хувцаслаад харин тайзан дээр шилдэг дизайнаруудын хувцсыг өмсч байсан. Гараа бүр дээр бүх зүйлийг өөрчлөөд өгдөг нь үнэхээр сайхан санагдсан.

- Бүгдээрээ ижил хувцастай гэхээр зөвхөн мэргэжлийн загвар өмсөгчийн чадварыг харуулсан тэмцээн болсон гэж ойлгож болох уу?

-Ер нь манай Монголын моделууд хаана ч очсон алхааны техникээрээ ялгардаг гэж хүмүүс ярьдаг. Бид гурав ч бас нэг агентлагийн, нэг школтой, нэг бэлтгэл туршлагатай моделиудын хувьд яг ижил нэг хүн шиг алхаж, фозоо авахдаа хүртэл нэг хүн шиг байсан. Энэ маань амжилт гаргахад нөлөөлөхөөс гадна шүүгчдийн анхаарлыг бас татаж байсан. Үзэгчдийн анхаарлыг татаж байсан бас нэг  зүйл маань Монгол  үндэсний хувцас. Бид нар Шилмэлийнхээ дизайнаруудын урласан үндэсний хувцсыг өмсөхөд үнэхээр үзэгчдын анхаарлыг татаж чадсан. Бүгд алга ташаад гоё байсан. Бусад азийн улс орнуудаас Хятад улс, манай улс хоёр дээр хүмүүс   их алга  ташиж байсан.


Эндээс хоёр үндэсний хувцас авч явсан. Нэгийг нь зураг авалтан дээр, нөгөөг нь тайзан дээр зориулж авч явсан. Зураг авалтын хувцас маань  ч гэсэн бусад орныхоос өвөрмөц эсгий хувцас. Бүх орны загвар өмсөгчид үндэсний хувцастайгаа зургаа авахуулсан  том плакатны голд нь бид  гурав  зогсоод зургаа авахуулж байхдаа үндэсний хувцсаараа үнэхээр бахархаж байсан. Ер нь рекламан дээр ч гэсэн бид гурвыг их дууддаг байсан.

-Бусад 12 орны моделиуд бүгд  үндэсний хувцастайгаа  ирцгээсэн үү?

-Тийм ээ. Бүгд өөр өөрийн үндэсний хувцастай ирсэн байсан.

- Уг тэмцээний үеэр авьяасаа үзүүлсэн үү?

-Туяамаа: Үзүүлсэн. Миссийн тэмцээнд авьяас номинаци гэж байдаг. Харин  Моделийн тэмцээн дээр бол банкетан дээрээ мэндчилгээ маягаар  бид гурвуулаа монгол бүжиг бүжиглэсэн.  Тэнд багаар сайн ажилласан. Ер нь модель хүн мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг сайтар ойлгож авсан даа.

-Тэмцээний үеэр болсон  хөгжилтэй явдлаас бидэнтэй хуваалцахгүй юу?

-Зөндөө л гарч байсан. Яг тайзан дээр бол алдаагүй. Тэмцээнээс хоёр гурван өдрийн өмнө тайзан дээр бэлтгэлээ  сайн хийж байсан болохоор алдаа гаргаагүй.

- Нэр хүндтэй тэмцээнээс “Азийн том модель” гэсэн хүндтэй шагналыг аваад ирлээ. Олны танил байхын сайхан, муухайг  хэр мэдэрч байна?

-Ер нь олны танил байна гэдэг хэцүү л дээ. Өөрийгөө хаана ч явсан биеэ зөв авч явах хэрэгтэй. Ер нь модель хүмүүс учраас тиймэрхүү зан чанар бидэнд суусан байдаг. Хаана ч явсан нүүр будалт, хувцаслалт гээд тиймэрхүү хичээл ордог болохоор гайгүй байдаг.

Энэ тэмцээнд орсоноос хойш  хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу?

-Хүмүүс маш сайн байна гэж урмын үг  хайрлаж , баяр их хүргэж байна.

-Анги хамт олон, найз нөхөд, гэр орныхон  чинь яаж хүлээж авсан бэ?

- Номин-Эрдэнэ: Бид гурав ангийнхандаа хэлж яваагүй. Зөвхөн гэр бүл, агентлагийнхан л мэдсэн. Ирээд хэлсэн чинь бөөн баяр болж бид нараас илүү баярласан. Манай Шилмэлийн агентлагийнхан бас их гоё хүлээж авсан. Хичээл сургууль амарсан, зун байсан болохоор ангийнхан зурагтаар харж л мэдсэн байх. Бид нар ирээд Шилмэлийнхээ гэрээт моделиуд болон суралцагчиддаа зөвлөгөө өгсөн. Бас халуун дулаан уулзалт хийсэн.

-Шагнал авч байх үед хэр огшиж байв? Ер нь сэтгэл хөдлөлийг  яаж дардаг вэ?

 -Ариунзул: Яг тайзан дээр шагнал гардуулахад үед эхлээд Туяамааг дуудаад, дараа нь намайг дуудахад аймаар их баярласан. Тухайн үед шоконд орсон  байсан. Тэмцээнээ дуусгаад Мөөжий эгчтэйгээ тэмдэглэсэн. Тэнд бас банкет болдог юм байна лээ. Тэнд бүгдээрээ гоё юм яриад, зохион байгуулагч нь  ирж уулзаад гоё байсан. Тэр орой бид гурав унтаагүй. Шөнөжингөө тэмцээнийгээ талаар яриад маргааш нь Монголдоо ирсэн.

 Шагналаа авч байх үед нулимс гараад яг уйлах гээд  байсан. Манай захирал тайзны соёл гэж бий. Уйлж болохгүй шүү гэдгийг санаад биеэ барьж байсан.

-Дэлхийд чансаагаараа гурав дугаарт орох энэ том тэмцээнд оролцсоноор цаашаа ямар гарц нээгдэж байна вэ?

-Бид гурвын хувьд одоогоор залуу байна. Энэ том тэмцээнд орж шагнал авсан ч гэсэн дөнгөж эхлэл гэж бодож байгаа . Цаашдаа илүү сайн хөдөлмөрлөж, дэлхийд нэрээ гаргахын төлөө зүтгэнэ гэж бодож байна. Азидаа төдийгүй дэлхийд Монголынхоо нэрийг гаргахын төлөө зүтгэнэ гэсэн зорилго, зорилт өөрсдөдөө тавьсан байгаа. Манай Шилмэлийн зүгээс ч сайн дэмжиж байгаа. Дараа дараагийн олон улсын тэмцээн уралдаанд оролцох төлөвлөгөө эхнээсээ гарч байгаа.

-Монгол охидууд тэнд оролцож байсан бусад орны моделиудаас хэр ялгарч байв?

-Ер нь гоё охидууд зөндөө байсан. Гэхдээ Монгол охидууд дутахааргүй юм байна гэдгийг  мэдэрсэн. Монголын моделиуд дэлхийн стандартад нийцэж байна гэдэг нь харагдаж байна. Нэг том алхам урагшилсан. Энэ тэмцээний гол зүйл нь бол нэр хүнд нь байдаг. Гол нь” Азийн топ модель” гэсэн тодотголтой албан ёсны сертефикатын эзэн болж байна гэдэг нь хамгийн том шагнал. Мөнгөн шагнал дагалдахгүй. Эхний гурван байр Чайна бэнтлийд ажиллах эрхтэй болдог.

Азийн топ модель насан туршдаа дагалдах уу аль эсвэл дараа жил шилжүүлээд явах юм уу?

-Насан туршдаа дагалдана.

- Арван жилийн дараа та нар  хэн  болсон байх болоо?  Мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Мөрөөдлийнхөө оргилд хүрнэ гэж бодож байна. Өөрийгөө сайхан авч явах юм бол хэдэн нас хүртлээ ч загвар өмсч явж болно. Арван жилийн дараа одоо байгаагаасаа илүү маш том амжилтын эзэн болсон, хийж бүтээсэн зүйлтэй, сурсан мэдсэн зүйл маш их байх байх.

Яг мөрөөдлөө тодорхойлбол?

-Туяамаа: Дэлхийн мисст орно гэж бодож байна. Монголын модель гэхэд дэлхийд мэддэг, хүлээн зөршөөрдөг , таньдаг байгаасай гэж хүсэж байна.

-Ариунзул: Би 10 жилийн дараа маш их боловсролтой байна. Тэрний төлөө зүтгэнэ. Загварын чиглэлээр дэлхийд алдартай модель болно гэж бодож байна.

-Номин-эрдэнэ: Миний хувьд би 10  жилийн дараа 24 настай байна. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мөн Монголдоо  төдийгүй дэлхийд танигдсан  топ модель сайн загвар өмсөгч болохыг хүсч байна. Загвар өмсөгч бол залуу насны ажил. Тийм болохоор давхар мэргэжил эзэмшинэ гэж боддог.

-Загварын ертөнцөд нас бас их чухал шүү?

-Загвар өмсөгчийг ер нь залуу насны ажил гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ топ модель Одгэрэл эгч маань залуучуудаас дутахааргүй гялалзаад, амжилттай явж байна. Тухайн хүний биеэ авч явж байгаа байдал, хүсэл зорилгоос хамаардаг гэж боддог. Тийм байх юм бол загварын тайзнаас буухгүй л гэж боддог.

- Хүндэлж явдаг загвар өмсөгч?

- Туяамаа: Викториа Сикретийн моделиуд, монголоос топ модель Сэлэнгээ эгчийг хүндэлж явдаг. Үе үеийн топ моделиудаа хүндэлж, тэднээс суралцдаг.

- Ариунзул: Миний хувьд топ моделиудаасаа үлгэр жишээ авдаг. Тэд нар үнэхээр үзэсгэлэнтэй, биеэ гоё авч явдаг. Топ модель Уянгаа эгчээсээ үлгэр дуурайлал авдаг. Монголоос анх удаа азийн топ моделид оролцоод 1-р байрыг авч байсан. Маш амжилттай явж байгаа ухаалаг хүн.

- Номин-Эрдэнэ: Миний хувьд ч бас бүх топ модедиуд. Яг үлгэр жишээ авах хүн гэвэл топ модель Одгэрэл, Пүрэвсүрэн, Сэлэнгээ, Уянгаа нар  байна. Тэднээс илүү гарахыг хүсч байгаа.

-Хийж байгаа ажил чинь цаанаасаа жингээ барихыг шаарддаг. Энэ хэцүү юу?

- Туяамаа: Хоолны хувьд гайгүй ээ. Бид гуравын хувьд залуу насныхаа эрч хүчээр явж байна. Ерөнхийдөө хоолны дэглэм барьдаггүй. Аль болох эрүүл хоол идэхийг эрмэлздэг. Хоолыг хэт сойх биеэнд муу гэж боддог. Эрүүл, зөв хооллодог.  Дээрээс фитнесс, усан спортоор хичээллэдэг. Бас арьсны хувьд өдөр тутмынхаа арчилгаагаар явдаг. Байнга гоо сайханд ордоггүй. Ерөөсөө залуу насаараа л гоёдог.

-Загвар өмсөгч сайхан охидууд өөрсдийнхөө амжилтыг хуваалцаж байгаа энэ үед залуус маань найз залуутай эсэхийг чинь сонирхож байгаа байх?

-Туяамаа: Найз залуутай. СУИС-т суралцдаг оюутан залуу бий.

Бид хоёрын хувьд байхгүй.

-Ямар залуус таалагддаг вэ?

Ер нь бол өөрийн гэсэн зорилготой, сэргэлэн авхаалжтай, цэвэрхэн залуучууд таалагддаг.

Миний хувьд ухаантай, буурь суурьтай, эр хүн шиг л ер нь гүндүүгүй, хээгүй. Монгол залуучууд гоё ш дээ бусад орныг бодвол.

Зан аашийг нь ажиглаж байхад тэгж анзаарагдсан. Хятадад очоод ах нарыг харахад  байдал, хувцас нь бүгд эмэгтэйлэг байдалтай юм билээ. 

-Номин-эрдэнийн хувьд хөвгүүдээс хайрын мессеж хэр авч байна?

-Тэгдэг л дээ. Ер нь зүгээр явж байхад дугаараа өгчих, үерхэе гэсэн хөвгүүд байдаг.

-Загварын бүсгүйчүүдийг хөнгөн явдалтай гэж ярьцгаадаг. Энэ талаар ямар бодолтой явцгаадаг вэ?

-Тийм зүйл яригддаг ч гэсэн тухайн хүний өөрийн ухамсараас шалтгаална. Тэр хүнийг ямар нэгэн хүн хүчээр оруулна гэж байхгүй. Тийм учраас өөрөө л тэр бүгдийгээ ухамсараараа шийдэх хэрэгтэй. Манай Шилмэл загвараас бид  нарт ёс суртахууны талаар нилээн хичээл орж, шаардлага өндөртэй байдаг. Ёс суртахууны тал дээр номер 1 байхыг эрмэлздэг.

-Тодорхой хэмжээний орлоготой байж тэмцээн, уралдаанд орох байх. Гэрээт загвар өмсөгчөөр ажиллахад цалин авдаг уу?

-Бид гуравын хувьд оюутан, сурагч. Шилмэлээсээ цалинждаг. Тэр цалингаараа өөрсдийгөө болгоно. Ерөнхий спонсор бол гэр бүл байгаа.

Манай аав ээж хоёр их дэмждэг. Тэмцээнд оролцуулах дуртай.

- Туяамаа, Ариунзул хоёрын  хувьд нэг аймаг. Бусдаасаа арай илүү дотно байдаг уу?

-Тиймэрхүү юм байна. Бид хоёр дандаа хамт явдаг.Тайзан дээр ч гэсэн хамт алхах болохоор энэ хоёр төстэй гээд сонгогддог. Цаанаас хувцас хүртэл сонгож өгөхөд нэг коллекцын хувцас өгдөг.

- Жирийн үед хаанаас хувцсаа авдаг вэ?

-Манай Шилмэл гадаад руу янз бүрийн наадамд оролцдог. Тэр үеэрээ амжуулаад хувцаснуудаа цуглуулаад авахыг боддог. Монголдоо бас дэлгүүр хэснэ.

Очиж үйлчлүүлэх дуртай дэлгүүр?

-Хорооллоор л их явна даа. Брэнд гэж хөөцөлддөггүй. Өөртөө л тохирсон хувцасыг өмсдөг.

-Одоо охидууд та нараар бахархаад, үлгэр дуурайлал авч байгаа. Та нар охидууддаа юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Туяамаа: Хүн ер нь өөрөө хүсэл мөрөөдөлтэй байж, түүндээ тууштай байж урагшилдаг. Тийм болохоор өөртөө том зорилго тавиад түүндээ тууштай байгаарай л гэж  хэлье. Биднийг төрүүлсэн ээж, аавдаа маш их баярлалаа. Шилмэл загварын бүх ажилчдад баярлалаа гэж хэлье.

-Ариунзул: Охидууд маань зорилгодоо үнэнч байгаад бас сэтгэлээрээ хандаж байвал тухайн хүнд амжилт авчирдаг учраас аливаа зүйлд сэтгэлээсээ хандаасай гэж хүсч байна. Аав ээждээ бас төрүүлж өсгөсөнд баярлалаа гэж хэлье.

-Номио: Тухайн орны залуучууд  бүгд сайхан байвал улс орон хөгжинө. Бүх залуучууд, ах эгч нар өөрсийнхөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай байж, түүнийгээ заавал биелүүлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Бас намайг төрүүлж өсгөсөн ээж, аав, энэ хүртэл явсан Шилмэл загварын хамт олон, багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Цаашдаа улам их амжилт гаргаж дэлхийд нэрээ дуурсгасан топ моделиуд болоорой гэж ерөөе.

-Баярлалаа

-Ярилцсан Г.Оюун

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.194.115.136) 2014 оны 03 сарын 02

mamaihan odoo bolimoor ym tgd l jaahan tsarailag torohooroo l tiimch miss iim ch model gd oorsdiigoo tengert garajah ymaa negent l eh orondoo terguun shagnaliin awch chadahguigees hoish shal demii ym hiij ywah ymdaa mgl-oos goy saihan huuhnuudtei uls oron jiriin amidral ajilaa hgd ywj l bna eswel zoos harsan ymnuud tgd tsagaa baraad ywdag bhdoo oor yaadgiin

0  |  0
Х (92.78.43.49) 2014 оны 02 сарын 11

МОНГОЛ ЦАРАЙ БИШ

0  |  0
Hujaa temtseend oroh(98.193.94.195) 2014 оны 01 сарын 27

Uul n goy l ohiduud baina. Hujaa temtseend oroh hereg baisiim yy? Hyataduud chin oorsniihoo neg undesten meteer l haruulna baihdaa. Sorry

0  |  0
хадаа(202.9.47.131) 2013 оны 04 сарын 10

энэ 3 үнэхээр сайхан охидууд байна . ирэйдүй гэрэлтэй байна . нэг юм хэлэхэд баячуудын доор нь хэвтэж л мөнгө битий асаарай даа ...

0  |  0
Top