Төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонсч байсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Даш, Нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хэргийг өчигдөр 14.40 цагаас эхэлж Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэн орой шийдвэрээ гаргажээ. Яллагдагчаар татагдсан Л.Алтангэрэл П.Даш нарт улсын яллагч О.Мөнхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр төрийн алба хаших эрхийг нь таван жил хүртэлх хугацаагаар хасч, тав жилийн хорих ял оноох саналыг шүүх хуралдааны үеэр гаргажээ. Түүнчлэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэдгээр ял сонсгох санал тавьсан юм.
Шүүх бүрэлдэхүүн яллагдагч нарыг гэм буруутай гэж үзэн албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө завшсан хэрэгт нь дөрвөн жилийн хорих ял оноолоо. Уг хэрэг 2007 онд үйлдэгдсэн учрааc Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ. Эл хуралд даргалагч шүүгчэээр Л.Туяат, улсын яллагчаар О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр К.Бауржин, Б.Түвшинбаяр, Б.Ганбаатар нар оролцсон бол хохирогчоор тогтоогдсон ОБЕГ-ыг төлөөлж тус газрын Захиргаа хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ж.Лувсандэмбэрэл нар оролцсон юм. Өчигдөр 11 цагт эхлэхээр товлогдсон шүүх хурал өмгөөлөгч хурал давхцсан гэх үндэслэлээр 14 цаг хүртэл хойшилсон бол үдээс хойш өмгөөлөгч Б.Ганбаатар 14.40 цагаас хурлын танхимд ирсэн. Тэдэнд холбогдох мөнгө шамшигдуулсан хэргийг хаалттай хэлэлцэх болсон үндэслэлээ шүүгчийн туслах н.Мөнхбат” Нууц баримт бичиг хэлэлцэнэ” гэж тайлбарласан нь олны гайхшралыг төрүүлсэн. Яллагдагчаар татагдсан П.Даш нь шүүх хурлын өмнө “ Намайг хилсдүүлсэн. Би мөнгө шамшигдуулаагүй” гэсэн хариултыг өгч байв.
Хэргийн талаар эргэн сөхвөл яллагдагчаар татагдсан П.Даш нь 2007 онд АТГ-т шалгагдаж байхдаа 15 тэрбум 500 сая төгрөг завшсан хэмээн шалгагдаж байсан ч сүүлдээ 300 сая төгрөг болтлоо буурсан юм. Түүнийг Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчин, ОБЕГ-ын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, ТӨХ-ны зөвшөөрөлгүй хийж гүйцэтгүүлэн 141.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Сэтгэгдэл ( 0 )