Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 30

Дэлхийн болон Монголын ахмадын өдрийг угтаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа настнуудаа төр засгийн үйлчилгээний “Элит” төвд хүндэтгэн хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үг хэлэхдээ ахмадын өдрийн мэндийг Монгол Улсад төрийн яам  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн мэндчилгээний хамт хүргэлээ. Энэ 2011 онд Монгол Улсад Засгийн газрын Ажлын алба болон төрийн дөрвөн яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Мөн Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхэн тэгш ойнууд давхацсан жил болж байгааг тэмдэглэлээ. Мөн Монголын эдийн засаг өсөлттэй байна. Мал таван төрөлдөө өсч, сүүлийн 20 жилд аваагүй их ургац хураан авах төлөвтэй гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга дуулгаад Засгийн газар 2012 оны төсвийн төслөө  хэлэлцэж буй. Ахмадуудынхаа тэтгэврийг, төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэхээр ярилцаж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.   

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн Засаг даргаар ажиллаж асан 70 гаруй ахмад оролцлоо. Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Содном гуай энэ үеэр Монгол Улсын эдийн засаг ийн хурдацтай өсч байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн юм гээд улам эрч хүчтэй ажиллахыг захилаа.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, тэргүүн дэд дарга Ш.Солонго, дэд дарга Д.Нямжав нар ахмадууддаа Дэлхийн болон Монголын ахмадын өдөр, Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойн мэнд хүргэж дурсгалын зүйл гардууллаа.

Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимидцэеэ, гавьяат жүжигчин А.Бүтэд нарын  урлагийн алдартнууд Хэрэг эрхлэх газрын ахмадуудыг хүндэтгэн урлагийн тоглолт сонирхууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top