Сүүлийн жилүүдэд хүүхдүүд архинд орж, гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн гэсэн таагүй мэдээ сонсогдох болов. Монголын эмгэнэл болоод байгаа архидалт сургуулийн наснаас эхлэх болсон нь ажлын байран дээрээ архи уудаг багш нар тэр үйлдлийг нь дэмжиж архи авчирч өөгшүүлдэг эцэг эхчүүдээс ихээхэн шалтгаалж байгаа ажээ. ХЗДХЯ, “Дэлхийн зөн монгол”, “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”, ТТБ-аас хийсэн “Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаархи мэдлэг, хандлагыг тогтоох” судалгаанд хот хөдөөгийн 6-11 ангийн 7000 сурагчид оролцсоноос тэдний тал хувь нь архи ууж үзсэн бөгөөд судалгаанд хамрагдсан долоон хүүхэд өдөр алгасахгүй олон хоног архи ууж байсан байна. Тэд маргааш нь шараа тайлах гэж архи ууж байснаас гадна архи уусан өдрийнхөө үйл явдлыг санадаггүй “тасардаг” гэдгээ ч нуусангүй. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 112 нь долоо хоногт нэг удаа архи уудаг бол сурагчдын олонх нь 12 насандаа анх архи ууж үзжээ. Тэдний дөрвөн хувь нь гэртээ, 20 хувь нь баар цэнгээний газарт, 35 хувь нь гадаа гудамж, талбай, голын эрэгт уудаг байна. Амьдрал нь сайн, эцэг эх нь тогтсон орлоготой айлын хүүхдүүд ихэвчлэн архи уухыг ихэд сонирхож үе үе хэрэглэдэг хэмээн судалгаанд өгүүлжээ. Өсвөр насныхны дунд архины хэрэглээ ийнхүү байх болсноор барахгүй архинд донтох өвчтэй олон хүүхэд Сэтгэцийн эмгэг судлалын төвд эмчлүүлжээ. Архийг хэдийчинээ залуугаасаа хэрэглэнэ төдийчинээ донтох өвчин үүсдэг байна. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь хүүхдээ архинаас хол байлгаж, хүүхдүүдийнхээ нүдэн дээр архи уухыг цээрлэж, хор хөнөөлийг нь таниулж өгөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг дээрх судалгаа харуулж байна. Дашрамд хэлэхэд архи уудаг хүүхдүүдийн олонхи нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг ажээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )