Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр дэслэгч цол зүүж, цэнхэр дуулгатан болов

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 03

  Анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиолоо. Энэхүү ойгоор Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам хамтран Таван толгой дахь Олон улсын энхийг сахиулагчдын сургалтын төвд марш-тактикийн тэмцээн зохион байгуулжээ. Гадаад харилцааны ажилтнууд ингэж  анх удаа цэрэг эрсийн ногоон алаг хувцсаар гангарч, хурдан буу мөрлөн, байнд гал нээлээ. Мөн саадтай зурвасыг туулж, “дайсны”-хаа эсрэг гранат шидэх зэрэг цэргийн хүний хийх ёстой бүхнийг хийв. Цэргийнхний юм болгон нь норм, нормативтай. Тэмцээний туршид хоёр тал тэрхүү нормоор өрсөлджээ. Ингээд “офицерүүд” хэмээх уг тэмцээний эцсийн дүнгээр Гадаад харилцааны яамны ажилтан Н.Анхбаяр ахлагчтай баг тэргүүлсэн байна. Н.Анхбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү ажээ. Тэр эцгийгээ дуурайсан аливаад шазруун, эрэмгий нэгэн бололтой. Батлан хамгаалах яамныхан түүний чадварыг үнэлж, шууд дэслэгч цолоор шагнан, удахгүй Судан улсыг зорих энхийг сахиулагчдын 850 хүний бүрэлдэхүүнтэй батальонд оруулахаар болсон байна. Ц.Нямдорж сайдын хүү ийнхүү энхийг сахиулагч цэнхэр дуулгатан болов. Судан улс нь өнгөрөгч 7 дугаар сарын 11-ний өдөр буюу Монголчуудын баяр наадмын өдрүүдэд хоёр хуваагдаж, өмнөд хэсэг нь тусгаар улс тогтнолоо зарласан юм. Гэвч нутгийн босогчид, алан хядагчид тэнд бугшсан хэвээр тул НҮБ-аас Олон улсын энхийг сахиулагчдыг илгээхээр болсон байна.   

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top