Д.Дорлигжав генерал Ч.Амарболд нарын хэргийг танилцуулахыг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

2008 оны 7 сарын 1-ний хар өдрийг Монголчууд хэзээ ч мартахгүй. Сонгуулийн булхай, луйврыг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал сүүлдээ удирдлага, зохион байгуулалтаа алдан хуучин МАХН-ын байр руу чулуун мөндөр буулгаж эхэлсэн билээ. Улмаар намын байрыг галдан шатаах ажиллагаа болж хувирсан юм. Үймээний үеэр таван хүн буудуулж харамсалтайгаар амиа алдсан. Ер нь цагдаа, иргэдийн дунд тун ширүүн зодоон нүдээн болж байлаа. Гэтэл хэрэг явдлыг одоо болтол нэг мөр шийдээгүй байна. Таван халуун амины нэхэлд цагдаагийнхан буруутай гэж үзэж буй хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа сунжирсаар байгаа. Уг хэрэгт тухайн үед цагдаагийн байгууллагыг толгойлж байсан Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын албан тушаалтнуудыг сэжигтнээр шалгаад гурван жилийн нүүр үзлээ. Мөн Эргүүл хамгаалалтын газрын их эмч Тунгалагийг шархдаж гэмтсэн хүмүүст эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээгүй гэж бас буруутгаж байгаа. Мөн тус газрын ажилтан Р.Ганболд, Н.Мөнхбат, Мандах нарыг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн шалгаж, яллагдагчаар татаад байна.  2010 оны 2 сард эдгээр хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан боловч Улс Ерөнхий прокуророор Д.Дорлигжав томилогдсоныхоо дараахан хохирогчдын гомдлоор дахин сэргээн шалгаж эхэлсэн юм. Өнгөрөгч хавраас хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд саяхан Д.Дорлигжав хэргийн үйл явц, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулахыг холбогдох хүмүүст  үүрэг болгосон гэнэ. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар бол цагдаагийн дээрх ажилтнуудын хэрэг удахгүй шүүхэд шилжих бололтой.

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top