“Хүн төрөлхтний хөгжил гэж ярьдаг л юм бол зөвхөн мэдлэгийн хөгжлийг л ярьж байгаа хэрэг” гэж Германы философич Г.В. Хэгэл хэлсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт МАНАН-гийн засгийн газар “нүдээ олсон” төсвийг УИХ-д өргөн барилаа гэж хэвлэл мэдээллээр дээр дооргүй магтан дууллаа. Ямар төсөв баталсан бэ гэж нарийн судалж үзсэн. Нийгмийн халамжийн төсвөө баталж, 1,5 сая, 1 сая гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэх боломжтой гэж, цалин тэтгэврийг төдөн хувиар өсгөхөөр байна гэх мэт өнгөрсөн 20 жилд ярьж явсан зүйлээ дахин давтлаа. Нийгмийн халамжийн бодлого бол нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах зорилготой болохоос биш хөгжил биш. Монгол хүнийг 1,5 сая төгрөг болон цалинг нь нэмэх аргаар дараагийн сонгуульд дахин хуурах аргаар, ичих нүүргүйгээр монголын ард түмний эрх чөлөөг худалдаж авч байсан түүхээ давтахаар шийджээ.
Монгол орон 1980-аад онд аж үйлдвэрийн эдийн засаг, нийгэмд шилжиж, тэр үедээ Азийн орнуудын дунд нилээд хөгжилтэй орнуудад тооцогдох түвшинд хүрсэн байснийг өнгөрсөн 20 жилд устгаж Монгол орныг мухар сүсэг, ядуу зүдүү, хөгжлийн эрмэлзэл байхгүй болгож орхисон тэр түүхээ дахин давтаж, цаашид үргэлжлүүлэх төсвийг өнгөрсөн долоо хоногт баталлаа.
Хүн төрөлхтөн ирж яваа 6-дахь шинжлэх ухаан, технологийн хувьсгалд бэлтгэж, улс орныхоо стратегийг боловсруулж, хэрэгжүүлхээр ханцуй шамлан орж байгааг Монголын ард түмэн нухацтай бодож, үнэлэлт дүгнэлтээ өгч, шийдвэр гаргах цаг болжээ. Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг дүгнэхдээ хоёр шинжлэх ухааны хувьсгал, гурван технологийн хувьсгал гарч хүн төрөлхтөн аж үйлдвэрийн нийгмээс мэдлэгийн нийгэмд шилжих гэрэл гэгээтэй замдаа аль эрт орсон байна гэж дүгнэж байна. Нэгдүгээр шинжлэх ухааны хувьсгал нь Н.Коперникоос И.Ньютон хүртэлх орчин үеийн физикийн хувьсгал гэж хэлдэг. Хоёрдахь шинжлэх ухааны хувьсгал нь Эйнштейний харьцангуй онол, Квантын онолоор эхэлж партиклийн физик, орчин үеийн генетик, компьютрийн шинжлэх ухаан болон технологи. Нэгдүгээр технологийн хувьсгал нь хөдөлгүүрийн технологиор эхэлж, уул уурхай, хими, тээврийн салбарийн хувьсгалууд гарсан. Хоёр дахь технологийн хувьсгал нь цахилгаан хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан холбоо, гангийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, машин, онгоц, электрон тоног төхөөрөмж. Гуравдахь технологийн хувьсгал нь электронжилт, мэдээллийн гэж хэлдэг. Энэ хоёр шинжлэх ухааны, гурван технологийн хувьсгалд Монгол улс хэрэглэгч нь байснаас биш бүтээгч байгаагүй. Өнөөдрийн мэдээллийн технологийг хөгжүүлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж байна гэж ярьж байгаа нь худлаа. Бид зөвхөн бусдын бүтээсэн зүйлийг импорталж, хэрэглэж л байгаа төдий. 70-аад оны үед Монголчууд хөгжлийн өндөр түвшинд хүрхийн тулд монгол залуусыг зүүн европт шинжлэх ухаан, инженерийн салбаруудад бөөнөөр нь явуулж сургаж, мэдлэг болон аж үйлдвэрийн салбараа цоо шинэ шатанд гаргахаар төлөвлөгөөтэйгөөр ажилж байсан. Энэ зөвхөн оролдлого төдий байгаагүй. Харамсалтай нь эдгээр залуучууд 80-аад онд сургуулиа төгсөөд ирэхэд бүтээн байгуулалт дахь бүх салбаруудын аж үйлдвэрийг устгаснаар тэд ерөнхийдөө гудамжинд гарсан гэдгийг тэмдэглэх ёстой.
Одоо дэлхийн хөгжсөн орнууд, хөгжиж байгаа орнууд айсуй яваа 6-дахь шинжлэх ухаан, технологийн хувьсгалийг угтаж үүний ашгийг хүртэхийн тулд стратегиа боловсруулж, институтаа байгуулж байна. Энэ хувьсгалийг шинэ биологи болон биотехнологийн хувьсгал гэж нэрлэж, шинэ биологийн эрдэм шинжилгээний институтийг үүсгэж, тухайн шинэ мэдлэгээс гарч ирэх технологуудыг хөгжүүлэх зорилгоор Германы Фраунхоферийн /Fraunhofer/ технологийг судалдаг төвтэй адил институдийг хөгжүүлж, мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн соёл иргэншил рүү эргэлт буцалтгүйгээр орох шийдвэртэй үйл ажиллагаагаа эхэлж байна. Гэтэл Монголд улс төрийн нам, засгийн газар, УИХ-ын гишүүд нь дөрвөн хөлтэй амьтны хөшөө босгож, тахилга, найр хийж, уул уурхайн баялагаа бусдад цөлмүүлж, Монгол хүнд тэтгэврийн хэдэн төгрөг нэмж, хууран мэхэлж байгаагаас биш бусад хүн төрөлхтөнтэй адил шинэ цаг үед тохирсон хөгжлийн ямар ч зүйл хийхгүй байна. Монгол үндэстний эсрэг хэрэг үү? Монгол хүний тусын тулд хийж байгаа зүйл үү гэдгийг монгол хүн эрүүл ухаанаараа мэдэж байгаа шүү дээ.
Улс төрчид нь нэг бол архичин, нэг бол мухар сүсэгтэн, нэг бол улс орноо худалдсан эх орноосоо урвагч, нэг бол ард түмний эд баялгийг эрх мэдлээ ашиглаж хулгайлдаг хулгайчид гэж ард түмэн ийм тодотгол өгч байгаа нь Монголын төлөө хөгжил, шинэчлэл хэзээ ч хийх боломжгүй бантангууд гэж байгаа нь тодорхой байна шүү дээ. Саяын баталсан “нүдээ олсон төсөв” гэж нэрлээд байгаа төсөв нь монголын ард түмнийг хуурч, боолчлолоо үргэлжлүүлж, гэмт хэргээ нуун дарагдуулах боломжийн аргуудаа сүвэгчилсэн цаашид монгол хүний эрх чөлөөг худалдан авч, үүрд боолчлолыг явуулах эрх баригчдийн хүсэл эрмэлзлэл, оролдлогыг харуулж байна шүү дээ. Хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг цагтаа авч явж байсан ийм агуу үндэстнийг хууран мэхэлж, боолчилж байя гэж бодож байгаа нь үнэхээр эрх баригчид харанхуй гэдэг нь дахин нотлогдож байна. Монгол орон “гал унтраах” замаар хөгжихгүй. Аргалж чаргалсаар хэзээ ч хөгжихгүй. Жижгэрч гарах гарцгүй. Эрх баригчдаас өглөг харж, сайн сайханд хүрэхгүй. Хүн төрөлхтөн 6-дахь шинжлэх ухаан, технологийн хөгжил болох шинэ биологи болон биотехнологийн хувьсгалыг эхлүүлж, 7- дахь шинжлэх ухаан технологийн хувьсгал болох шинэ физикийг судалж, стратеги тактикаа боловсруулж байна шүү дээ. Боолчлолд хөгжил байдаггүй.
Философийн магистр Б.Гансүх
Сэтгэгдэл ( 0 )