Сүүлийн үед Монголчууд гадаадад гарч ажиллах болсон билээ. Тэдний талаар муу сураг дуулахаас сайныг дуулсан нь ховор. Тэгвэл хилийн чандад эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан, чадварлаг нэгэн залуу эх орондоо эргэн ирсэн бөгөөд тэрээр эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах урам зоригтой байгаагаа илэрхийлсэн юм.
Эх орноо гэж зорин ирсэн энэ залууг Г.Мөнгөндолгион гэдэг бөгөөд санхүү, нягтлан бодогчоор эх орондоо ажиллаж байгаад гэр бүлийн хамт Ирландад очоод угаагчаас ахлах тогооч болтлоо ахиж ажилласан байна. Түүний ажиллаж байсан “Fallon And Byrne” ресторан нь Ирландад чанар, нэр хүндээрээ эхний тавд бичигддэг ажээ. Ирландад арван ажил ажилласан түүний цалин албан тушаал ахихын хэрээр нэмэгдэж ахлах тогоочийн цалин гэж сардаа 4000 евро авдаг байсан гэнэ. Ийм хэмжээний мөнгөөр Ирландад тансаг амьдрах боломжтой юм. Үүгээр зогсохгүй тэрээр Ирландад байхдаа олон улсын тэмцээнд өөрийнхөө жороор оролцож Дэлхийн тогооч нарын холбооноос хүрэл медаль хүртсэн байна.
Тэрээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан, хувийн бизнес эрхлэхээр эргэн ирсэнд олон хүн сайшаалтай хандаж байгаа юм. Г.Мөнгөндолгион гадаадад ажиллаж байгаа залуусыг эргэн ирж, эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллахыг уриалсан бөгөөд түүний энэ уриалгыг элэг нэгтнүүд минь дэмжинэ гэдэгт найдаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )