Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэж Монголдоо төдийгүй гадаадад нөлөө бүхий төрийн бус байгууллага бий. Энэ байгууллагыг эдийн засагч С.Дэмбэрэл олон жил толгойлжээ. Аливаа хүн нэг албан тушаал, нэг суурин дээр удаан хугацаанд залрахдаа их бага хэмжээгээр заавал “эвдэрдэг” гэмтэй. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл юм. Тиймээс төрийн болоод төрийн бус байгууллагуудыг толгойлж буй хүмүүсийг таван жилээс илүү ажиллуулдаггүй. УИХ-ын гишүүд ч мөн ялгаагүй. Тойргоо өмчилж аваад УИХ-ын танхимд буг болж суухыг нь хүмүүс төдийлөн таашаахгүй байгаа юм. Саяхан МҮХАҮТ-ын дүрэм хууль бус эсэх тухай шүүхийн маргаан эцэслэн шийдэгдлээ. Иргэн Б.Лхагважав бараг жилийн өмнөөс МҮХАҮТ-ын дүрэм хууль бус гэсэн асуудал хөндсөн байлаа. Тэгвэл тус танхимын хуралдаанаар шинэчлэн баталсан дүрэм нь Үндсэн хуль болоод бусад хуулийг зөрчжээ. МҮХАҮТ-д газар өмчлөх, ашиглах харилцаанд бизнесийнхний саналыг нэгтгэн илэрхийлэх эрх хуулиар олгогдоогүй атал дүрэмд нь ийм зүйл цохиж явсан байна. МҮХАҮТ бол “Төрийн бус байгууллагын тухай хууль”-иар үйл ажиллагаагаа зохицуулдаг. Уг хуульд тиймэрхүү заалтын үнэр ч байдаггүй юм байна. Гэтэл С.Дэмбэрэл дарга өөрийн хүрээллийн хүмүүсээр дэмжүүлэн баталсан хууль бус дүрмээрээ байгууллагынхаа эзэмшлийн газар дээр хувийн зочид буудал барьж, ажиллуулж байгаа нь шүүх хурлын явцад илэрчээ. Мөн тус байгууллагын дүрэмд танхимын дарга, орлогч нарыг сонгох, батлах тухай заалтууд “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон байна. С.Дэмбэрэл дарга харин хэд хоногийн өмнө “Лхагважав гэдэг нэг нөхөр юу яриад явааг ойлгохгүй байна. Танхим бол хуулийн дагуу ажиллаж байгаа” хэмээн пээдийж байсан юм. Тэгвэл мань эр яалт ч үгүй энэ удаа шүүх хурлын танхимд иргэн Лхагважавт цэвэр тавиулж орхив.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )