“НАНОТЕХНОЛОГИ-2011” үндэсний хоёрдугаар симпозиум болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 06

МУИС, БСШУЯ, ҮХШХ хамтран “НАНОТЕХНОЛОГИ-2011” үндэсний хоёрдугаар симпозиумыг 2011 оны 10-сарын 7-ны 9.00-18.00 цагт МУИС-ийн дугуй танхимд зохион байгуулна.  Хурал нь Монгол улсад хөгжиж байгаа  өндөр технологи, тэр дундаа нанотехнологийн өнөөгийн ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж дүгнэж,  цаашид юу хийх, хэрхэн хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилготой. Түүнчлэн төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгууллага зэрэг нийгмийн бүхий л салбарынхны санал бодлыг хуваалцаж, үндэсний хэмжээнд нано-шинжлэх ухаан, нанотехнологи, нано-инженерчлэл, нано-боловсрол, нано-бизнес, нано-аж үйлдвэрийн салбарын хөгжлийн ирээдүйн хандлагад дүгнэлт өгөх, мөн нанотехнологийг олон нийтэд таниулан сурталчилахад хурлын гол ач холбогдол оршиж байна.
Тус симпозиумд БСШУЯ, МУИС, ШУТИС, ШУА, ШУТС, ХУИС, Ёкохама их сургууль, Монхимо ЭШТТ, Новелти ХХК зэрэг байгууллагын эрдэмтэд оролцож, “Нона оюуны өмч, стандартын хөгжлийн хандлага”, “Адууны ясыг боловсруулж, нано кальцийн бэлдмэл гарган авах инновацийн төслийн үр дүн”, “Алтайн сонгиныг тарималжуулж, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт”, “Монгол орны зарим зүйл ургамлын мутагены эсрэг идэвхийн судалгаа”, “Баруун ба өмнөд Монголын цирконт боржингийн судалгаа”, “Монгол орны нүүрснээс нүүрстөрөгчийн нано хоолойг уураас суулгах химийн арга”, “Ургамлын навчны гадаргын наношинж” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавих юм.
Энэ үеэр Манай Улс төдийгүй дэлхий нийтэд нэн шаардлагатай буй нано боловсрол, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, шинээр төрөн гарч буй судлаачдыг дэмжиж урамшуулах үүднээс энэ чиглэлд судалгаа хийж буй их дээд сургуулийн оюутан залуусын дунд нанотехнологийн салбарын шилдэг судлаач оюутныг шалгаруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top