Сүүлийн үед хоригдлууд хэсэг бүлгээрээ оргох боллоо. Гэмт хэргийн улмаас эрхээ хасуулсан хоригдлууд ер нь сиймхий л гарвал зугтааж орхидог. Энэ нь ганц манайд байдаг үзэгдэл бас биш. Хаа сайгүй ийм байгаа. Гэхдээ манайхны хувьд гадаадын хөгжилтэй орнуудынхаас ялгаа их бий. Шоронгийн дэглэм, тав тухтай орчин, хөдөлмөрийн нөхцөл, дарамт шахалт гээд мундахгүй зовлон тохиолдоно. Үүнээс болоод оргох сэдэл нь оволзож байдаг болов уу. Саяхан Гүнтийн аман дахь Ц.Нямдорж сайдын гэрт зарагдаж байсан хоригдол оргоод амиа хорложээ. Амгалан дахь хорих 421 дүгээр ангид хоригдож байсан Х.Цэнд-Аюуш гэдэг энэ талийгаач нь өнгөрөгч 9 дүгээр сарын 25-нд арав гаруй хоригдлын хамт Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн Гүнт дэх хаусын хашаан дотор барилга барих ажил хийж байв. Тэгээд тэр харгалзагчаасаа чөлөө аван хотын төв дэх гэр рүүгээ явсан байлаа. Харгалзагч нь түүнийг орой 22 цагаас өмнө ирээрэй гээд явуулсан юмсанж. Гай болж явсных нь дараахан хорих ангиас нь шалгагч нар очжээ. Тэд Х.Цэнд-Аюушийг байхгүй байгааг мэдээд харгалзагчаас асуухад цаадах нь “оргосон” гээд хэлчихсэн бололтой. Харгалзагч нарын дунд хааяа ингэж “хортоолох” явдаг гардаг гэнэ. Тэр бүү хэл, гэр орон нь ойрхон байдаг хоригдлуудыг сэмхэн явуулж мөнгө төгрөг, эд агуурс авах тохиолдол ч гардаг ажээ. Энэ нь зарим хорих ангид нэлээд амь бөхтэй “төлөвшсөн” байдаг тухай нэгэн эх сурвалж дурсаж байна. Үүгээр таамаглавал харгалзагч лав талийгаачийг зүгээр л хүссэн зоргоор нь явуулаагүй болов уу. Талийгаач ял сонсон Амгалангийн хориход очоод удаагүй байж. Тэр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул. Хотод шилжиж ирээд барилгын компанид ажиллаж байв. Мань хүнийг Гүнтээс “оргоод” маргааш нь буцаад очтол харгалзагч нь шууд барьж аваачаад хорих ангийнхаа сахилгын байранд хорьжээ. Ингээд сахилгын өрөөнд хоригдож байхдаа өнгөрөгч бямба гарагт хөнжлийн даавуугаар өөрийгөө боймлон амиа хорлосон байлаа. Урьд нь тэрээр “Шоронд ямар нэгэн дарамт байхгүй. Хоол унд сайтай, сайхан байна” хэмээн сэтгэл хангалуун ярьж байсан тухай ар гэрийнхэн нь ярьжээ. Түүнийг амиа хорлоход чухам юу нөлөөлснийг хорих ангийн удирдлага одоогоор тогтоож чадаагүй байна.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )