УИХ-ын сонгууль болгон бөөн амлалтаар бялхаж өгдөг. Ирэх оны сонгуулийн амлалт харин одооноос яригдаж эхэллээ. Уг нь сонгуулийн шинэ хуулийн төсөлд амлалтыг тас хориглосон. Гэхдээ амлалтыг зөвхөн мөнгө, хөрөнгөтэй холбон ойлгож бас болохгүй бололтой. Саяхан Баянзүрх дүүргийн сонгогчид тус дүүргээс УИХ-д сонгогдсон Ц.Батбаяр гишүүнтэй уулзалт хийжээ. Мань хүн дүүргийнхээ хэмжээнд өөрийн хийсэн ажил хэмээн сайрхахдаа Засаг даргынх нь мөрийн хөтөлбөртэй хамааралтай зам харгуй, хог хаягдлыг цэгцлэх зэрэг зөндөө юм ярьсан байна. Сонгогчид нь түүний амлалт, дүүргийн Засаг даргын хөтөлбөр хоёрыг нэг муу ялгахтайгаа байв. Тиймээс нэгэн залуу заалнаас босч ирээд “Та гэр хорооллын айлуудын газрыг байраар солино гээд молигодож орхисон. Тиймээс би танаас одоо ганцхан зүйл гуйх хэрэгтэй байна. Та биелүүлж чадах уу. Хэрвээ чадна гэвэл сонгогчид маань маш их баярлана” гэжээ. Сонгогчдынхоо шүүмжлэлд балбуулсан Ц.Батбаяр түүний үгийг анхааралтай сонсож байснаа “Та тэгээд юу хүссэн юм бэ. За яахав, хэлснийг чинь биелүүлж чадна гээд хэлчихье” гээд их пээдгэр царайлж суусан байна. Өнөөх залуу харин өөдөөс нь “Баярлалаа. Улс төрч хүн ийм зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Амлалтаас буцаж няцахгүй байх ёстой. Тиймээс одоо би гуйлтаа хэлье. Та 2012 оны сонгуулиар дахин бүү нэрээ дэвшүүлээрэй. Үүнийг л танаас хичээнгүйлэн хүсч байна” гэв. Ийм аймаар зүйл сонссон Ц.Батбаярын улаан хацар бүр цайраад ирэх шиг болж, чимээгүйхэн толгой дохисон гэнэ. Амлалт аа гэж...Ёстой ална шүү.
Я.Ымербек
Сэтгэгдэл ( 0 )