МУИС-ийн захиргаа оюутнуудтайгаа тохиролцсон гэнэ. Үүнийгээ тэд ююутнуудын тавьсан шаардлагатай холбоотой МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаас томилогдсон комисс болон оюутны төлөөлөл оролцсон уулзалтын тэмдэглэлээр баталсан юм.
Энэхүү уулзалтад МУИС-ийн захиргааг төлөөлж Дэд захирал Р.Ринчинбазар, Дэд захирал Б.Даваасүрэн, БСА-ны эрхлэгч Г.Цагаач, ХҮС-ийн захирал Б.Батсайхан, ОҮТ-ийн эрхлэгч Б.Энхжаргал, шаардлага хүргүүлэгч оюутнуудыг төлөөлж ББС-ийн оюутан Б.Энхболд,ЭЗС-ийн оюутан Н.Хүлгэн, ББС-ийн оюутан Д.Ойдовжунай, ХЗС-ийн оюутан Д.Нямбаяр, МКС-ийн оюутан Х.Мөнхбаяр нар оролцсон юм. Уулзалт 2011 оны 10 сарын 03-ны өдөрболсон бөгөөд тус өдөр жагсаал зохион байгуулсан оюутнуудын тавьсан шаардлагыг хэлэлцэж дараах шийдэлд хүрэв.
1. Дахин судлах хичээлийн төлбөрийг бүтнээр биш 1/3-аар судална. Мөн 2011.10,21- ний өдөр хүртэл дахин судлах хичээлийн бүртгэлийг хийж, бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгох. 1 кредитийн төлбөр 30380
Бакалаврын сургалтын шинэ журам батлагдаж, 2011 оны 8-р сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн. Шинэ журмаар хичээл дахин судлах оюутнууд тухайн хичээлийн багц цагийн төлбөрийг бүтэн төлөх байсныг 2,3,4 дүгээр түвшинд суралцаж буй оюутнууд хуучин журмаараа анги дүүргэлтээс хамааран нэг бол 1/3-ээр эсвэл 2/3-өөр төлөх, 1 дүгээр түвшний оюутнууд шинэ журмаараа төлдөг байхаар тогтов. Дахин судлах хичээлийн бүртгэлд хамрагдан кредитийн төлбөрөө бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийн зөрүүг дараагийн улиралд бүртгүүлсэн хичээлийнх нь багц цагийн төлбөрт шилжүүлж тооцохоор болов. Дахин судлах хичээлд бүртгүүлэх үйл ажиллагааг сунгахгүй байхаар тогтов.
2. Сургалтын үйлчилгээтэй холбоотой зардлын шийдвэрийг цуцлах
Эдгээр сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамж өмнө нь байсаар л ирсэн. Эдгээрийн эхний хэсэг нь элсэлттэй холбоотой, сүүлийн хэсэг нь төгсөгчтэй холбоотой үйлчилгээний хураамжууд юм. Бакалаврын оюутантай холбоотой төлбөр хураамжуудаас оюутны сурдаг тухай болон дүнгийн тодорхойлолтыг хуучин хэлбэрээр буюу бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны эрхлэгч гарын үсэг зурахгүйгээр тамга дарж баталгаажуулах тохиолдолд хураамж авахгүй, харин оюутан хүссэн тохиолдолд сургуулийн албан бичгийн хуудсан дээр хэвлэж, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны эрхлэгчийн гарын үсэг, тамга тэмдэгтэй олгох нөхцөлд 300 төгрөгийн хураамж авч байхаар болов.
3. Сургалтын төлбөрийн төсвийн задаргааны тайланг ил тод байлга.
МУИС-ийн санхүү эдийн засгийн тайлан, сүүлийн 5 жилийн санхүүгийн шинжилгээний материал сургуулийн цахим хуудсанд ил тод байгаа. Тэндээс үзэх боломжтой. Мөн сургалтын төлбөр, төсөв хэлэлцэх Удирдах Зөвлөлийн хуралд Оюутны холбооны тэргүүн оролцож, мэдээлэл авах, саналаа хэлэх эрхийг байнга хангаж ирсэн гэдгийг захиргааны зүгээс тайлбарлаж, харилцан ойлголцов.
4. МУИС- ийн Оюутны дотуур байруудад Wireless, LAN тавь.
Сургуулиас тодорхой хэмжээний төсөв гарган оюутны байруудад шилэн кабель суурилуулах ажлыг дуусгасан. Зарим худалдан авалттай холбоотой wireless тавих ажлыг 10 сард багтаан дуусгахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
5. Дотуур байрны сантехникийн асуудлыг маш яаралтай шийдэх /ОО-н асуудал жигдрээгүй, дулаан тогтвортой биш/
Энэ хичээлийн жилд оюутны бүх дотуур байрны ариун цэврийн өрөөнд засвар хийсэн. Үүнтэй холбоотой бие засах газрын нөхцөл сайжирна. Энэ жил нийт 3 байранд халаалтын системыг бүрэн сольж шинэчилсэн. Нийслэлийн хэмжээгээр халаалт ирээд удаагүй, жигдрээгүй байгаатай холбоотой зарим байруудад сэрүүхэн байгаа. Гэхдээ үүнд дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын ахуйн соёлтой холбоотой асуудал их гарч, оюутнууд өөрсдөө энэ тал дээр анхаарах хэрэгтэй байгааг цаашид анхаарч хамтарч ажиллахаар тогтов.
6. Сургалтын орчинг сайжруул.
Сургалтын орчинг сайжруулахтай холбоотой их ажил хийгдэж байгаа. Энэ жил 1 тэрбум 500 сая төгрөгийн засвар, тохижилтын ажил гүйцэтгэсэн нь оюутны суралцах, амьдрах орчныг сайжруулах тал дээр сүүлийн жилүүдэд хийгдээгүй том ахиц дэвшил юм. Мөн сургалтын тоног төхөөрөмж, лаборатори, дадлагын нөхцлийг сайжруулах ажил сургуулийн төсөв болон бусад эх үүсвэрээс тогтмол хийгдэж байгаа. Гэхдээ цаашид хийх ажил их байгааг захиргааны зүгээс ойлгож, анхаарч байгаа болно. Засвар оройтсонтой холбоотой хүндрэлтэй асуудал 9-р сард байсан. Одоо үндсэндээ дуусах шатандаа орж, сургалтын үйл ажиллагаанд саад учруулахааргүй болсон.
7. Дотуур байрны төлбөрийг энэ жил 25%- иар нэмсэн тул 2012-2013 оны хичээлийн жилд нэмэхгүй байх.
Энэ жил дотуур байрны төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хэдийгээр ирэх хичээлийн жилд засвар, тохижилт үйлчилгээ хийх, материал, тоног төхөөрөмж авах хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа боловч ирэх жил оюутны байрны төлбөрийг нэмэхгүй байхаар тогтов.
8. Номын сангийн фондыг шинэчлэх.
Номын сангийн фондыг байнга баяжуулж, жил бүр төсвийг нэмэгдүүлж ирсэн. Харин номын сангийн суудлын багтаамж, ажилтнуудын үйлчилгээний соёлтой холбоотой санал, гомдлыг барагдуулах талаар захиргааны зүгээс анхаарал тавьж ажиллахаар болов. Номын сангийн шинэ барилгатай болох асуудал тодорхой зарим шалтгааны улмаас хойшлогдож байгаа боловч барих шийдвэр хэвээрээ байгаа болно. Харин өндөр үнээр авсан гадаад номын ашиглалт хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрөв.
9. Актлагдсан хичээлийн 3, 6-р байранд суралцаж буй оюутнуудын өмнө захиргаанаас мэдэгдэл хий.
Эдгээр байрууд хичээл, сургалт явуулах шаардлагыг бүрэн хангаагүй талаар гаргасан мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт нь барилгыг нураах эцсийн шийдвэр биш бөгөөд харин мэргэжлийн байгууллагын хүчээр засвар, хүчитгэлийн ажил гүйцэтгэж байхыг шаардсан дүгнэлт юм. Үүний мөрөөр сургуулиас жил бүр тодорхой хэмжээний засвар тохижилтын ажлыг байнга хийж дээрх барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж байгааг захиргааны зүгээс тайлбарлав. Энэ талаар дэлгэрэнгүй судалгаа, тооцоо, тайлан захиргааны холбогдох албанд байгаа бөгөөд үүнийг багш, ажилтан, оюутнуудад танилцуулж, үнэн зөв мэдээллийг хүргэж байх нь зүйтэй гэж тогтов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )