Монголд анх удаа фэйсбүүк форум болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 12

 Ардчилсан намаас 2020 он хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх арга зам, мөн монгол хүний хөгжлийг тодорхойлох “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг шийдвэрийн хүрээнд Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооноос дээрх хөтөлбөрийн үндсэн чиглэлд монгол залуу хүнийг хөгжүүлэх талаар залуучуудаас гаргасан санал санаачлагуудыг нэгтгэн боловсруулсан хөгжлийн бодлого, зорилтуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлох үндсэн зорилго бүхий “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Энэхүү “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Үүнд : 1. Амьдралын боловсролтой Монгол залуу хүн 2. Ажилтай, орлоготой Монгол залуу хүн 3. Архигүй Монгол залуу хүн 4. Авьяас, чадвартай Монгол залуу хүн 5. Авлигагүй Монгол залуу хүн Хөтөлбөрийн үр дүнд 2020 он гэхэд мэдлэг боловсролтой, ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч, шударга, авлигагүй, эрх чөлөөт нийгэмд амьдрах монгол залуу хүнийг бий болгохыг Ардчилсан Залуучуудын Холбоо зорьж байгаа юм. “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Ардчилсан Залуучуудын Холбооноос оюутнуудтай, хөдөө, орон нутгийн залуучуудтай, хувиараа хөдөлмөр эрхлэгч залуучуудтай, бизнес эрхлэгч залуучуудтай гэх зэргээр цуврал хөгжлийн уулзалт, хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулсан бөгөөд энэ удаад залуучуудын үзэл бодлоо хуваалцдаг хамгийн том талбар болсон Facebook сүлжээг ашиглан залуучуудын хөгжлийн хэлэлцүүлэгийг зохион байгуулахаар болжээ. Нийт 800 гаруй сая хүнийг өөртөө нэгтгэсэн дэлхийн хамгийн том Facebook сүлжээнд өнөөгийн байдлаар Монголын 230 орчим мянган хүн нэгдээд байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэвшилтэт технологи болох Facebook сүлжээг ашиглан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт залуучуудын санал, санаачлагуудыг тусган ажиллахаар болсон байна. Хэлэлцүүлэгийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдах юм. 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14.00 цагт эхлэх тус хэлэлцүүлэгт Ардчилсан нам болон Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд урилгаар оролцохоор болжээ. Цаашид тус холбооноос уг Facebook форумыг тогтмол зохион байгуулах бөгөөд Twitter зэрэг бусад олон нийтийн сүлжээг ашиглан мөн хөгжлийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Хэрэв та уг хөгжлийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл www.facebook.com/demyouth  хаягаар нэгдэх боломжтой юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top