Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нар 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд эрхэм зочноо Монгол улсад айлчлан ирсэнд талархал илэрхийлээд, тавтай зочлохыг хүслээ. ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээж, хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг тэмдэглэлээ. ХБНГУ нь Монгол улсын гуравдагч хөрш юм, Европ дахь хамгийн гол түнш орон гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, ЕХ-ны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт хотод нээх нь цагаа олсон чухал алхам гэдгийг дурьдаад, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол орон нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага( ЕАБХАБ)-д оролцогч орноор элсэх сонирхолтой байна гэдгээ илэрхийлж, энэ оны 12 дугаар сард Вильнюс хотноо болох ЕАБХАБ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр эл асуудал яригдахад германы талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн Монгол улс нь уул уурхайн түүхий эдийг шууд экспортлох биш эх орондоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад экспортлох зорилттой байна гэдгээ илэрхийлж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн боловсруулах үйлдвэрийн техник, технологи, ноу-хауг Монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ дурьдаж, нүүрс шингэрүүлэх,хийжүүлэх технологийг нэвтрүүлэх чиглэлээр Монгол Германы компаниудын хамтын ажиллагааг Засгийн газруудын зүгээс дэмжиж, санхүүжүүлэх нөхцөлийн талаар санал солилцох хүсэлтээ ч тавив. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ( ОЕСД)-аас гаргадаг зээлжих эрхийн эрсдлийн зэрэглэлийг ахиулах асуудалд ХБНГУ дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, улмаар манай улс шат ахин 4 дүгээр түвшинд орох эрмэлзэлтэй байгааг анхаарч үзэхийг хүслээ. Мөн Монгол улсын Засгийн газрын тэргүүн ХБНГУ-ын Канцлерт хандан дэд бүтэц, орон сууц, хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тухайлбал, “ Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт,” 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамтран ажиллахыг санал болгож, германы зах зээлд түүхий эд экспортлоход төмөр замын тээврийн нөхцөл тарифыг бууруулах, хөнгөвчлөх, Хятад- Монгол- ОХУ-Украйн- Польш- Германыг холбосон төмөр замын сүлжээг боловсронгуй болгох боломжийн талаар судалж үзэхийг санал болгоод, монголд нар салхины эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой хэмээн үзэж байгаагаа ч илэрхийлэв. Монгол улсад ашигт малтмалын ( нүүрсний )иж бүрэн хүрээлэн, лабортори байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо. Мөн мал аж ахуйн салбарт малын гаралтай түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр техник, технологи нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийг эрэлхийлж байгааг дурьдлаа. Мөн монгол улсын БСШУЯ, ХБНГУ-ын боловсрол судалгааны яам хооронд 2003 онд байгуулсан “ Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн дагуу хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа ч хэллээ. Харин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн хувьд анх удаа монгол улсад айлчилж байгаадаа баяртай гэдгээ дурьдаад Монгол улс нь энэ 20 жилд ардчиллын суурь үндсийг тавьж, амжилттай хөгжүүлж чадсан орон болсонд баяр хүргэлээ. Энэ бол тийм амархан хэрэг биш гэдгийг ч онцолж байв. . Түүнчлэн Монгол улсын эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлт намайг гайхшруулж байна хэмээгээд энэ өндөр үзүүлэлтээ алдахгүй, урт хугацаанд тогтвортой байлгах нь чухал гэдгийг онцолж, Монгол улсад ардчиллын суурь институцууд бүрэн бүрдсэн байна, үүнд ухаалаг бодлого явуулж ирсэн Монгол улсын төр засгийн удирдлагуудад баяр хүргэлээ. Түүнчлэн ЕХ-ны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээхээ эрхэмсэг хатагтай Ангела Меркел амаллаа. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш орон болоход нь дэмжлэг үзүүлэх болно гэдгийг дурьдаад, эрх зүй эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах Ерөнхий сайд С.Батболдын саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал , ХБНГУ-ын эмийн үйлдвэрлэгчдээс хүүхдийн цусны өмөн үүгийн эмчилгээний протоколд ордог өндөр чанарын ховор эмүүдийг шууд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол улсын цэргийн бие бүрэлдэхүүнийг орчин үеийн зэвсэг, техникээр хангахад материаллаг тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ амаллаа. Эцэст нь тэрбээр Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )