Албан ёсны хэлэлцээний дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нар Монгол, Германы харилцаа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-ын Канцлер Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байна гэдгийг тэмдэглээд, энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм гэдгийг тэмдэглэн хэлэв. “ Европ дахь Монгол Улсын гол түнш болох Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг билээ. Засгийн газрын тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ сая өндөрлөлөө. Монгол–Германы хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, ашигт малтмалыг германы тэргүүний технологиор боловсруулах талаар Канцлертай санал солилцсон маань үр дүнтэй боллоо. Монгол Улсын Засгийн газар уул уурхайн түүхий эдийг шууд экспортлох биш харин аль болох эх орондоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох зорилтыг тавьж байгаа. Германы байгаль орчинд ээлтэй боловсруулах орчин үеийн үйлдвэрийн техник, технологи, ноу-хау-г Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тохиролцож, “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Тэрчлэн, Улаанбаатар хотын ус ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай баримт бичиг, Эрдэнэс МГЛ Төрийн өмчит компани Сийменс компани, Дойче банк болон ББМ-Оперта компанитай хамтран ажиллах тухай гэрээнүүд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн Сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь Монгол–Германы хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн чухал алхам боллоо..
Энэхүү айлчлал нь Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлсэн, хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахад ач холбогдолтой айлчлал болж байна” хэмээн тэмдэглэн хэлэв.
Харин эрхэм зочин ХБНГУ-ын Канцлер А.Меркел Канцлерийн хувьд анх удаа Монголд айлчлал хийж байгаадаа баяртай байна хэмээн онцоллоо.
Монгол Улсын сүүлийн хоёр жил даван туулсан ардчилалыг хөгжүүлэх, зах зээлийн системд шилжих замыг бид байнга анхааралтай ажиглаж сайшааж байсан. Түүнчлэн Монгол Улсын Их хуралд үг хэлэх завшаан тохиолдсонд их баяртай байна. Бид хэлэлцээрийн үеэр сонгуулийн системийг илүү боловсронгуй болгох талаар санал солилцож, энэ тал дээр Монгол улстай тушршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.
Ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурсан гэрээг ажил хэрэгч, бодит болгох талаар анхаарах болно. Миний бие ХБНГУ-ын Канцлерийн хувьд өөрийн зүгээс Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийлж байна. Герман нь өдөр технологи, эдийн засгийн үр ашигтай цогц шийдэл бүхий байгальд ээлтэй техниологи хэрэгжүүлж байгаа, энэ тал дээр хамтран ажиллах төдийгүй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх асуудалд анхаарлаа хандуулах болно гэдгээ хэлэлцээрийн үеэр тохиролцож чадлаа. Тиймээс Монгол Германы хооронд боловсролын салбар дахь ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Манай хоёр орон батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байна. Хойд Афганистанд манай 2 дайчид мөр зэрэгцэн өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа. ХБНГУ-ын зүгээс Монголыг Европын холбоонд ойр дотно хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд, мөн Европын холбооны аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элсүүлэх саналыг Германы тал дэмжиж байна.Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Цаадид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.
Дараа нь тэд хоёр орны сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сэтгэгдэл ( 0 )