Барилга дээрээс хүн унаад амиа алдах шахаж, ...бурхан болчхож... Ийм аймшигт мэдээ ер нь тасрахгүй нь. Юунаас болоод тэр вэ? Хариулт нь тун энгийн ажээ. Тухайн хүний хайхрамжгүйгээс осол эндэл болохоос гадна манайд хөдөлмөр хамгааллын хяналт систем тун муу юм байна. Өнгөрөгч оны бүрэн бус мэдээгээр нийтдээ 366 удаа үйлдвэрлэлийн осол гарч, 400 орчим хүн өртжээ. Тэдний 80 гаруй нас барж, 44 нь эд эрхтэн тахир дутуу болсон байна. Салбаруудаар нь аваад үзэхэд ослын 50 орчим хувь нь зам, барилгынхны дунд болоод өнгөрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр осол эндэгдлийг тухайн компаний буруутай ажиллагаанаас болсон гэдэг. Гэвч арай өөрөөр тайлбарлахаас аргагүй аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний харъяа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэргийн дотоод бүтцэд хөдөлмөрийн хяналт хариуцсан байцаагч бараг байдаггүй юм байна. Цөөн хэдэн байцаагч ажилладаг ч тэдгээр нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ, компаниудын дүрэм журам гэх мэт хөдөлмөрлөх эрхийн харилцаа руу л хандахаас биш ажлын байран дээр аюулгүй байдлыг хэрхэн хангав гээд шалгаж тандаад, хариуцлага тооцоод мэргэжилтэн тун ховор байгаа нь осол эндэгдэлд нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл компаниудын техник технологийг нарийн мэдэж, хяналт тавих өндөр мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн хяналтын байцаагч нарын “арми” үгүйлэгдэх боллоо гэж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгийнхэн үзэж байна.
О.Баяр
Сэтгэгдэл ( 0 )