Залуу дуучин Энхболдын Чулуунчимэгийг МУГЖ Т.Баясгалангийн дууг дуулж олонд танигдсан гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Удахгүй анхны цомгоо өлгийдөн авах гэж байгаа дуучин бүсгүйн дотоод ертөнцөөр аялж уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
- Чулуунчимэг маань хаанахынх вэ?
- Би Өвөрхангай аймагт төрсөн. Тэнд сурч байгаад Дархан-Уул аймаг руу шилжиж арван жилээ төгссөн. Өвөрхангай, Дарханы хүүхэд дээ. СУИС-ийн III курсээсээ ангиа эчнээ ангид шилжүүлж, ХААИС-ийн аялал жуулчлалын ангид элсэж ороод давхар суралцаж байгаа. Одоо 22 настай. СУИС- ийн дуурийн дуулаачийн ангийг энэ жил, ХААИС-аа дараа жил төгсөнө.
- Хоёр мэргэжлээр нь сурч байгаа юм байна. Эцсийн сонголт аль нь вэ?
-Дуучин болъё гэж зорьж байгаа. Аялал жуулчлалын мэргэжил сонирхолтой санагддаг байсан. Зуныхаа амралтаар англи хэлний курст сурч шалгалтандаа тэнцсэн болохоор орсон юм. Хоёр дуртай мэргэжлээрээ сурч байгаа болохоор сайхан байдаг.
- Урлагийн хүн болохоор сурч байгаа оюутныг нэлээд завгүй байдаг байх гэж бодсон?
- Эхэндээ шинэ оюутан өөр бусад юманд цаг зав гаргаж хөөцөлддөггүй байсан болохоор завтай байлаа. II курсээсээ уран бүтээлээ хийгээд эхэлсэн. Хүн сэтгэл зүрхээрээ зорих юм бол ажил амждаг юм шиг санагддаг.
-Сүүлийн үеийн сонин сайхан?
-Хамгийн сүүлд МҮОНТ-ээр гарч байгаа “Өдөр өдрийн нар” киноны дууг дуулсан. Энэ кино маань гурван дуутай. Дуучин Ж. Алтанцэцэг, Бичүү бид гурав дууллаа. Миний дуулсан “Эсэн мэндийн бурхан ачтанууд” гэдэг дуу маань Эрүүл мэндийн салбарын сүлд дуу болсон. Үгийг нь Эрүүл мэндийн дэд сайд Цолмонгийн аав Жадамбаа гуай бичиж, Сэр-Од багш маань ая хийсэн. Клип нь өчигдрөөс цацагдаж эхлээд байна.
- Анхны цомгоо гаргах гэж байгаа гэсэн. Ямар нэртэй цомог вэ?
- Цомогт маань 15 дуу орж байгаа. 14 нь миний дуулсан шинэ уран бүтээлүүд. 15 дахь дуу нь П.Идэржавхлан ахын тоглолтонд зориулж зургаан залуу дуучин нийлээд “Манай гарагийн залуус” дууг дуулсан. Тэр дуугаа хамгийн төгсгөлд нь орууллаа . “Санаандгүй учирсан дурлал” дууныхаа нэрээр цомгоо нэрлэсэн. Хүмүүс, “ Арай урт юм. Өөр нэр өгөхгүй юмуу,” гэхэд нь “Үгүй ээ, миний анхны, тодорхой хэмжээгээр хүний чихэнд хүрчихсэн дуу гээд зөрж байгаад нэрлэсэн.
“Санаандгүй учирсан дурлал” бол миний анхны дуу. Дарханы хөгжмийн зохиолч Б.Баасанхүү ах зохиож өгсөн. Энэ дуу маань тодорхой хэмжээгээр хүмүүст хүрсэн юм шиг мөртлөө намайг тэр болгон мэддэггүй л дээ. МУГЖ Т. Баясгалангийн дуу гэж андуураад байдаг.
-Энэ дууг МУГЖ Т.Баясгаланг дуулсан юм биш үү? Хэн нь эхэлж хэн дуулсан юм бэ?
--Анх би дуулсан. Хөгжмийн зохиолч Б.Баасанхүү ахад, “Та надад гэгээн хайрын сэдэвтэй дуу зохиогоод өгөөч” гэж санал тавьсан. Анх миний таньдаг хөгжмийн зохиолч гэвэл Баасанхүү ах байлаа. Харьцахад арай ойр. Энэ дууны “Санасангүй, бодсонгүй, зүүдэлсэнгүй” гэдэг хэсэг нь маш их таалагдаж “Би энэ дууг чинь авъя” гээд дуулсан л даа. Яагаад МУГЖ Т.Баясгалантай андуураад байсан гэхээр бид хоёрын хоолойны тембр төстэй юм шиг байгаа юм. Улс тунхагласны баяраар манай СУИС-ийн Т.Сэр-Од багш маань УГЗ шагнал авсан. Тэгээд “Түмэндээ өргөх талархлын цэнгүүн” гээд хит болсон уран бүтээлүүдээсээ бүрдсэн дуунуудаараа тоглолт хийсэн юм. Энэ тоглолтонд Т.Баясгалан хүндэтгэх шалтгаанаар ирж чадахгүй болоод Сэр-Од багш өөрөө санал болгож “Зөвхөн чамдаа” дуугаа надаар дуулуулсан.
- Тэгвэл МУГЖ Т.Баясгалангийн зүгээс “ Би ирж амжихгүй нь ээ, миний дууг дуулаач ээ” гэж хэлсэн юм байхгүй гэсэн үг үү?
-Т.Баясгалантай тэгж харьцсан юм байхгүй. Ер нь нэг ч удаа уулзаж байгаагүй. Хөгжмийн зохиолч нь зөвшөөрөөд тэр тоглолтонд нэг удаа дуулаад өнгөрсөн. Тэгээд ч би уран бүтээлээ болгоод цааш нь авч яваагүй. Тэр тоглолтын дараа дуулахгүй байсан Т.Баясгалангийн дууг дуулсан болохоор хүмүүст содон туссан байх. “Санаандгүй учирсан дурлал” дууг маань хүртэл Баясгалангийн дуу юм шиг ойлголт гарчихсан. Энэ бол төөрөгдөл.
- Энэ талаар хүмүүсийн яриаг сонсоод эмзэглэдэг үү?
-Яахав дээ, уг нь би дуулсан. Хүнд хүрээд, ийм дуу байдаг даа гээд танигдаж байгаа нь шинэ залуу уран бүтээлчийн хувьд баярлууштай. Гэхдээ одоо анхны цомгоо гаргаад энэ дуу чинь миний дуу шүү гээд танилцуулах цаг ирнэ гэж би өөртөө итгэлтэй байсан. Тийм болохоор санаа зовохгүй байгаа.
-Ер нь урын сандаа хичнээн дуутай вэ?
-Ерөнхийдөө 20 орчим дуутай болчихлоо.
-Багынхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач?
- Аав автын инженер, ээж сувилагч. Аавыг минь Энхболд, ээжийг Батсайхан гэдэг. Манай гэр бүлд урлагийн хүн байдаггүй. Тэгээд ч тэр үү би бүрэг ичимтгий, өөрийгөө дуулж илэрхийлдэггүй байж байгаад сүүлд аравдугаар ангид байхдаа дуулж, тэмцээн уралдаанд орж эхэлсэн.Багын дуулах сонирхолтой байсан. Хүмүүс намайг МУГЖ Эрдэнэтийн Чулуунчимэг гэж их явуулж тоглодог байсан гэсэн.
-Хамгийн анх тайзан дээр хэзээ гарч байв?
Хамгийн анх тайзан дээр гарч байсан нь гэвэл долдугаар ангид байхдаа МУГЖ
Т. Баясгалангийн фэн шоунд орох гэж хотод нууцаар ирж байсан. Нэг ч удаа тайзан дээр гарч үзээгүйг хэлэх үү аймаар сандарч, өвдөг чичирч, уруул чимчигнээд л...
Дарханаас вагонд сууж хотод ирээд, Монгол телевизийн антенийг чиглээд вокзалаас алхаж очиж байлаа. Тэр үед Монгол телевиз фэн шоуг зохион байгуулдаг байсан. Тэр шоунд бүр ормоор санагдаад, шөнө нойр хүрдэггүй. Тэр үед Т.Баясгалан ид, “Зөвхөн чамдаа”-г дуулаад жинхэнэ мандаж байсан үе ш дээ. 2004 онд юмуу даа
-Залуу уран бүтээлч Э.Чулуунчимэгийн ертөнцийг нээе гэж бодсон чинь ямар нэгэн учгаар дуучин Т.Баясгалантай холбогдчихоод байх юм. Тэгэхээр тэр хүнийг уран бүтээлчийнх нь хувьд юу гэж дүгнэдэг вэ? “Зөвхөн чамдаа” дууг та хоёрын хэн нь илүү дуулсан гэж бодож байна?
-Баясгаланг би их хүндэлж явдаг. Бүр багаасаа дуучин Баясгалангийн дуунуудыг бүгдийг нь дуулах дуртай байсан. Шинэ ямар дуу гарсан байна, хайж очоод хамгийн түрүүнд олоод сонсчихдог байсан л даа.
-Фэн нь юмуу?
-Ер нь фэн нь байсан. Гэхдээ одоо Чулуунчимэг гэж өөрийн уран бүтээлээ хийх ёстой учраас хамаагүй нэг хүнийг сонирхож шүтээд байж болохгүй. Анзаараад байхад мундаг уран бүтээлч, хөдөлмөрч эмэгтэй. Баясгаланг анх дуулж эхэлсэн цагаас нь эхлээд хаана ямар тоглолтонд орж байна, ямар сонин дээр гарсан байна, зурагнуудыг нь цуглуулдаг байсан. Манай гэрт Баясгалангийн зурагтай бүтэн хавтас дүүрэн миний цуглуулга бий. “Зөвхөн чамдаа” дууг би мэдээж Баясгалан шиг яаж дуулсан байж чадахав. Тэрийг сонссон хүмүүс тухайн үед ямраар хүлээж авсныг би мэдэхгүй. Арван жилд байхдаа Баясгалангийн дуунуудыг дуулаад тэмцээнд ордог байлаа. Хүүхдийн төлөө төвийн дарга Батбаяр гэдэг хүн байсан. Хүүхдийн тийм тоглолт боллоо гэнгүүт, чи Баясгалангийн “Мөнхийн дэргэд ээж минь”, “Ашдын хань чамдаа” хоёр дууг л дуул, өөр дуу дуулахгүй гээд цаанаас нь заагаад өгчихдөг. Энэ хоёр дууг их дуулдаг байсан даа.
-Т.Баясгаланг урлагийн тайзнаас хөндийрлөө ч гэдэг юмуу, халаагаа өгөх цаг нь болсон гэж боддог уу?
-Нэг их тэр талаар боддоггүй. Тэртэй тэргүй уран бүтээлч хүн өөрөө дуулах, дуулахгүйгээ мэдэж байгаа байлгүй дээ.
- Уран бүтээлч хүний хувийн амьдралыг хүмүүс их сонирхдог. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоогийн байдлаар янз янзаар бичигдсэн юм алга болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ тиймэрхүү яриа эмэгтэй дуучдаас ч юмуу, олны танил хүмүүсээс тасардаггүй ш дээ. Би л лав тэрийг нэг их ойшоодоггүй ээ. Тэр байтугай яриа явж л байдаг ш дээ. Би чинь ер нь их тайван хүн
Залуу дуучин Э. Чулуунчимэгийг найз залуутай болов уу гэж манай залуучууд сонирхож байгаа байх?
-Найз залуу байхгүй.
-Таалагдах залуу байхгүй байна уу, Эсвэл үнэхээр үерхэх ч завгүй яваад байна уу?
-Хүмүүсийг хараад байхад найз залуутай болчихоороо өөртөө зориулдаг цагаа хоёр хуваачихдаг юм шиг санагддаг. Урлагийн хүнийг тэр болгон ойлгох хүн бас ховор байх. Тэгэхдээ нэг өдөр сайн хүн таараад, хоёулаа болчих ч юм билүү. Тэрийг хэлж мэдэхгүй байна.
- Ямар эр хүн таалагддаг вэ?
-Эмэгтэй хүнийг хүндэлдэг,гэр бүл, хань ижлээ дээдэлдэг хүн ямар сайхан харагддаг билээ. Тийм л байх ёстой гэж боддог. Ер нь залуу хүн өөрийн гэсэн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, ажилсаг, биеэ маш сайхан авч явдаг байх хэрэгтэй.
-Цомог гаргана гэхээр мэдээж санхүүжилттэй холбоотой асуудлууд гарч ирж байгаа байх даа?
-Миний цомог он гарснаас хойш бага багаар хийгдээд байсан учраас нэг их хүндрэл гараагүй. Бид нар чинь урлагийн сургуулийн оюутнууд. Өөрсдөө дуулж хуурдаад байнгын л орлоготой байдаг. Цомгийн ард ивээн тэтгэгч гээд нэг лого байхгүй бол энэ чинь ивээн тэтгэгчгүй дуучин байна ш дээ гээд хүмүүс ярьдаг гэж хүмүүсийн ярихыг би сонссон. Яадаг юм бэ, хүн тэр сайхан уран бүтээл гаргачихсан бол заавал том нэр тавиад, том ивээн тэтгэгчтэй байх албагүй ш дээ. Тэгэхээр миний хувьд эхний цомог маань ямар нэг ивээн тэтгэгч байхгүй өөрөөрөө л гарч байгаа.
-Ер нь дуучин болгон ивээн тэтгэгчтэй байдаг юмуу?
-Компаниуд, ивээн тэтгэгчтэй харьцаад ажиллаад л байдаг ш дээ. Миний хувьд шинэ залуу хүн учраас яг бүтээсэн үнэлэгдэх том хэмжээнд очоогүй учраас ивээн тэтгэгч гэж хандсан юм байхгүй.
-Хувь хүн талаас тань ивээн тэтгэе гэсэн санал ирж байв уу?
- Хоолонд урихаас эхлээд тиймэрхүү юмнууд хааяа тохиолдож л байдаг юм. Тиймэрхүү саналыг би ойшоож авдаггүй. Одоо бол эвтэйхэн татгалзаад, бултаад сурчихсан.
-Урлагийн хүн болохоор гоо сайхандаа бас анхаардаг байх?
-Угаасаа урлагийн хүн сайхан байх ёстой гэдэг. Өөрийнхөө хэмжээнд өдөр тутмын арчилгаа хийдэг. Энгийн үед будаж шунхдах дургүй. Тэртэй тэргүй тайзан дээр их буддаг юм чинь.
- Арван жилийн дараа Чулуунчимэг хэн болчихсон байх бол оо?
-Арван жилийн дараа ард түмэндээ өөрийн гэсэн олон уран бүтээлээ хүргэчихсэн, амьдрал маань сайхан жигдрээд тогтчихсон, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээчихсэн явах байх гэдэгтээ их найдаж байна.
-Үе үе найзуудтайгаа шоудна биз?
- Шоуддаггүй хүн ч гэж юу байхав. Гэхдээ урлагийн ажил чинь өөрөө олон нийтийн арга хэмжээ, баяр ёслолын дунд өрнөдөг болохоор энгийн хүмүүс шиг зорьж шоудах дургүй. Би нэг өдөр найзтайгаа бааранд орчихсон байсан чинь унтчихсан байсан. Төрсөн өдрөө намуухан газар тэмдэглэхгүй юу, манай Чука угаасаа бааранд орох дургүй, бааранд орохоороо унтаад өгчихдөг юм гэж хүртэл манай найзууд явуулж байсан. Би чинь ер нь намдуухан хүн шүү дээ.
-Гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ?
-Гоо сайхны мэс засал тэртэй тэргүй дэлхий дахинд дэвшилтэт зүйл гээд гараад ирчихсэн юм чинь үгүйсгэж яах юм. Хүн нэг л амьдрах нас юм чинь таалагдахгүй байгаа юмаа засаад явахад болохгүй юм байхгүй гэж боддог.
- Сексийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Секс бол хүний амьдралын заавал байх ёстой зүйлүүдийн нэг. Секс байхгүй бол амьдрал утгагүй биз дээ.
-Сексийн асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Одоогийн байдлаар юм алга аа. Урьд нь найз залуутай байсан л даа. Эмэгтэй хүн чинь эрэгтэй хүн шиг байнга сексийг үгүйлээд ч юмуу, тэгдэггүй юм шиг байгаа юм.
-Сүүлчийн асуултыг өөрт тань үлдээе?
-Ийм сайхан хүн болгож өгсөн аав ээждээ баярлалаа гэж хэлье. Анхны цомог маань удахгүй гарна. Их олон хүний сэтгэл шингэсэн . Тэр дундаа Чуба дизайны хамт олон болоод надтай сэтгэл зүрхээрээ хамтарч ажилладаг бүх хүмүүстээ баярлалаа. Ард түмнийхээ ч гэсэн итгэлийг алдахгүй цаашдаа олон сайхан уран бүтээлүүдийг хийхийг хичээх болно.
Ярилцсан Г.Оюун
Сэтгэгдэл ( 3 )
гоё дуучин шүү яасан ч сургуул төгсөн юм бэ? Чулуунчимэг их ухаантан шүү хөөрхөн шүү бас миний хайртай дуучин аа хайртай шүү би одоо 7-р анги яаж урлагийн үзлэгээр бут авах вэ би ангийнханаасаа би ичэмхий л дээ би уулан дизайнар хүн болхыг хүсдэг
Дууг хэнч дуулсан болно Анх дуулсан хүний өмч биш Дуу бол Үгийг зохисон Аяа хийсэн хүмүүсийн өмч Дуулсан хүн оролгоосоо Дууны шүлэгийг бичсэн Аяа хийсэн хүмүүст төлбөр төлөх ёстой
Сайхан бүсгүй юмаа