Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор, АНУ-ын Рочивел Их сургуулийн ШУ-ны доктор, сэтгэл судлаач, "Монгол аура" төвийн тэргүүн Б.Сарандаваагийн санаачлагаар "Хорин нэгэн Дарь эхийн бодлын орон ба түлхүүр сүм" өчигдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхцсан билэгт сайн өдөр нээлтээ хийлээ. Чингэлтэй хайрханы энгэрт үүдээ нээсэн сүмийн нээлтэд төрийн түшээ, шашин, урлаг соёлын зүтгэлтнүүд болон сүсэгтэн олон оролцсон юм.
Хүн бүр эхээс хүйн, сүүн, энергийн холбоотой төрдөг. Эхийн тэр сайхан энергиэр муу муухай бүхнийг ариусгах зорилгоор анх энэ сүмээ байгуулах санаа төрсөн. Бүх л төрлийн зовлонгоос гэтэлгэх бурхад энэ сүмд оршиж байгаа. Хүмүүс энд ирснээр бие, хэл, сэтгэлээ ариусган зовлонгоос ангижраад, засал номоо хийлгээд гарна хэмээн гэж сэтгэл судлаач "Монгол аура" төвийн тэргүүн Б.Сарандаваа сүмийн нээлтийн үеэр хэллээ.
"Хорин нэгэн Дарь эхийн бодлын орон ба түлхүүр сүм" нь дөрвөн давхар бүхий цогцолбор бөгөөд нэг давхарт Хот мандалыг бүтээжээ. Энэ нь бүх муу муухай, үйлийн үрийг зайлуулан гэтэлгэж, хамаг амьтанд аз жаргал, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэн хүртээхийн учигтай юм байна. Ийм Хот мандал Монголд төдийгүй Азид бүтээгдээгүй бөгөөд анхлан манай улсад бүтээгдэж байгаа нь энэ юм. Сүсэгтэн олон Хот мандалдаа мөргөн залбирч, хамаг хүслээ шившин сүсэглэсний дараа хоёр давхарт гарч өөрийн бүтэхгүй бүхний цоожийг тайлах хүрээгээр зорчих болно. Ажил үйлс бүтэхгүй байх, өвчин зовлонгоос салах, ханийн заяа тэнгэрээ дуудуулах, хамаг хүслээ биелүүлэх зэрэг өөрийн хүссэн бүхнээ энэ давхарын шүтээнд даатгана. 3-р давхарт гоёмсог шилэн хоргонд 21 Дарь эх бурхан байх бөгөөд сүсэгтэн олон нар зөв тойрон Дарь эх тус бүрийн тарнийг уншин шившиж, үйл заяагаа даатгах боломжтой юм. Цогцолборын 4-р давхарт 7м өндөр Ногоон Дарь эх бурханыг залсан бөгөөд гайхамшигтай сайхан болсон энэхүү бурханг үзсэн бүхэн өөрийн эрхгүй дуу алдаж байлаа.
Цоцолборын оройд Монгол хүн бүрийн шүтэж залбирч явдаг Долоон бурхан, Алтан гадас, Үүрийн цолмон, Марал Мичид зэрэг тэнгэрийн эрхэс бүхнийг залсан байлаа.
"Хорин нэгэн Дарь эхийн бодлын орон ба түлхүүр сүм"-д очсоноор сүсэгтэн олон 108 сайн сайхан зүйлийг бодож, сэтгэлийн ариуслыг олж авах юм.
Дашрамд дурьдахад "Монгол аура" төвийн тэргүүн Б.Сарандаваа маргааш UB palace-д 19 цагт лекц, цэнгүүн зохион байгуулах бөгөөд энэхүү лекцид 21 морин хуурч, уран нугараач, уртын дууч, үзэсгэлэн төгөлдөр 10 хатад оролцохын зэрэгцээ урилгаар Македоноос хүрэлцэн ирсэн ховсчин Констатин оролцож сонирхолтой үзүүлбэр үзүүлэх ажээ. Тасалбарыг UB palace-ийн касс болон "Монгол аура" төвд худалдаалж байна. Утас: 8818-2121
А.Баярмаа, Т.Оргил
Сэтгэгдэл ( 2 )
Saihan yum hiijee
Сэтгэлээрээ ариусмаар сайхан өргөө байна лээ. Ум дари дүдари дүүри сууха