Төгөлдөр хуурч Ами-Маамуу нааш ир

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 17

Зууны шилдэг хүүхдийн дуу “Маамуу нааш ир” дууны 55 жилийн ой мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравийн 85 насны ойд зориулан төгөлдөр хуурч Ами  уг бүтээлийг  төгөлдөр хуурийн гоцлол болгон, шинэлэг хувилбар, өвөрмөц найруулгатайгаар  та бүхэнд хүргэж байна.  Энэхүү бүтээлийн хөгжмийн найруулгыг Оки, клипний найруулагчаар Б.Чингүүний ”Сreative art group” ажиллажээ.  

 

Түүний энэхүү уран бүтээл дөнгөж гарсан даруйдаа Монголын томоохон уран бүтээлчид хөгжмийн зохиолчдоос сайн найруулга болсон хэмээн магтаал сонсоод байгаа юм.

 

Хөгжим бүжгийн коллежийн 3-4 дүгээр ангийн тодруулбал Сонгодог хөгжмийн ангийн 9 хүүхэд, жазз хөгжмийн 3 хүүхэд тоглосон байна.

Клип нь үндсэндээ гурван  хэсгээс бүтэж байгаа бөгөөд эхлэл хэсэгт бага насаа эргэн дурсаж бодлогшронгуй намуухан соло тоглолт байгаа бол өрнөл хэсэгтээ жазз хөгжмөөр эрч хүчтэй үргэлжлэх байгаа. Төгсгөлийн хэсэгт нь сонгодог өнгө аястай байхаар найруулжээ.

Шинэхэн уран бүтээлийнхээ талаар төгөлдөр хуурч Ами: Өвөөгийнхөө зохиосон алдарт “Маамуу нааш ир” дууг анх зохиогдсон цагаас 55 жилийн дараа шинэлэг өнгө аястайгаар төгөлдөр хуураар тоглож мөн клиптэй болж сонсогчдодоо хүргэж байгаадаа баяртай байна. Төгөлдөр хуурыг гоцлол болгсноор хүүхдийн дуу гэлтгүй хүн бүр сонсож болно. Төгөлдөр хуураар гоцлон тоглосоноор “Маамуу нааш ир”-ийн аялгуу яаж хувирч бас баяжиж байгааг мэдрэх болно гэж итгэлтэй хэлмээр байна гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Дашрамд дурьдахад 55 жилийн өмнө “Маамуу нааш ир” дууг Д.Лувсаншарав зохиох үедээ  анх төгөлдөр хууранд тоглох мөчид түүний охин хажууд нь тоглоомоор тоглож сууж байхдаа хэнээр ч хэлүүлэлгүй өөрөө аяыг нь үргэлжлүүлэн дуулаад эхэлсэн  бөгөөд  эндээс л та бидний дуулах дуртай дуу мэндэлсэн байна.  


 


А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top