Улсын Дээд шүүх ИЗ-НН-ыг бүртгэхгүй асуудалд хойрго хандаж байна гэж үзэн тус намын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд: “Монгол Улсын Дээд Шүүх Монголын Ногоон нам гэгчдийн хууль бусаар гаргасан намын дүрмийн өөрчлөлтийг зөвшөөрч бүртгэжээ. Ингэснээр Монгол улсын Дээд Шүүх намуудын дотоод хэрэгт шууд хутгалдан оролцдог улс төрийн байгууллага болсноо бүрэн нотоллоо. Энэ нь МАН, АН, МНН, ИЗН болон бусад намын цөөнхи болсон гишүүдийн дүрмийн бус үйл ажиллагааг хуульчлах, фракц, бүлгүүдийн орших эс оршихийг Дээд Шүүх шийдвэрлэдэг дэлхийд хаана ч байхгүй буруу практик тогтоолоо. Ийм утгагүй, эрсдэлтэй нөхцөл байдал монголын аль ч намд тохиолдох боломж нээлттэй боллоо. 2011 оны 3-р сарын 26-нд хуралдсан МНН, ИЗН-ын Их хурлууд Иргэний зориг–Ногоон нам (ИЗ-НН) хэмээх Монголын улс төрийн шинэ нам байгуулах шийдвэрийг олонхиороо гаргасан билээ. Энэ үйл явдал Төрийн Ордонд, хуулийн болон намын дүрмийн дагуу, хоёр намын олон зуун гишүүн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй, ил тод болсон атал Дээд Шүүх хууль бус хэмээн үзэх боллоо. Улс төрийн намыг зөвхөн бүртгэх үүрэгтэй Дээд Шүүх манай намуудын өмнөх Их хурлуудын материалуудыг эргүүлэн хянах, эд хөрөнгийг нягтлах, хөдөө орон нутгуудаас ирсэн гэх хуурамч өргөдлүүдийг шалгуулж дүгнэлт гаргуулах зэрэг нэмэлт материалуудыг хууль бусаар нэхэж, нийтдээ 3 удаа тодруулга авснаас гадна ИЗ-НН-ыг бүртгэх ажлыг хоёр удаагийн хурлаар хэлэлцэж тус тусад нь шийдвэр гаргана гэсэн ихэд зөрчилтэй шаардлага тавьж нийтдээ 6 сар сунжруулсан атлаа цөөнхи болон манай намын гишүүн бус хүмүүсийн хууль бус хурлыг ийн хүлээн зөвшөөрч байна. Өнөөгийн нөхцөл байдалд Танаас өөр хандах субъект Монгол Улсад алга болсон учир энэ асуудлыг Монгол Улсын Төрийн Тэргүүн, үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч, мөн Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, бусад шүүгч нарыг томилдог Танд хандан дэвшүүлж байна. Та "Шударга байна" гэсэн амлалтаа биелүүлж, мөн биечлэн дэвшүүлсэн шүүхийг шинэчлэх ажлаа энэхүү бусармаг үйл явдлаас эхлэн засч залруулах нэн тодорхой арга хэмжээ авна гэдэгт бид итгэхийг хүсч байна. Эсрэг тохиолдолд Монгол улсын иргэд бид эвлэлдэн нэгдэж шинэ улс төрийн хүчин байгуулах боломжгүй, улс төрийн хоёрхон нам байх ёстойг Монголын төр тунхаглажээ гэсэн дүгнэлт гарах нь гарцаагүй юм. Дээд шүүхийн энэ улс төржсөн шийдвэрийн улмаас Монголд хууль дээдлэх, сахих, даган биелүүлэх зарчим устаж, хэн дуртай нь эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль зөрчих боломж бүрэн нээлттэй болж байна. Монголын ардчилалын ололтыг үгүйсгэсэн, шүүхийн бие даасан, хараат бус байдлаар халхавчлан эдийн засаг, улс төрийн далд сонирхлоо хэрэгжүүлэх гэсэн энэ бусармаг явдалтай ИЗ-НН нийгмийн шударга ёсны төлөөх бүх хүчин, иргэдийн хамт тэмцэх болно. Улс төрийн зарим хүчин, тодорхой хүмүүс болон Дээд Шүүх биднээр хууль зөрчүүлэхийг хичээж буй боловч ИЗ-НН цаашид ч хуулийн дагуу шударгаар тэмцэх болно гэдгээ илэрхийлж байна. ИЗ-НН-ын дарга Д.Энхбат , ИЗ-НН Тэргүүн дэд дарга С.Оюун” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )