Шударга ёс тогтоохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 18

Өнөөдөр МНН-ын Бага хурлын гишүүд намын төв байранд хэвлэлийн бага хурал хийлээ.  Хэвлэлийн бага хурлаар МНН-ыг тойрон үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө. МНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат хэлэхдээ: ” Монголын Ногоон намын Бага хурлын 21 гишүүний 15-ынх нь саналаар  тус намын 9 дүгээр Их хурлыг 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулж, МНН-ыг ИЗН-тай нэгдэх асуудлыг хэлэлцэх шийдвэрийг гаргасан.  МНН-ын 9 дүгээр Их хуралд оролцсон нийт 352 төлөөлөгчийн 340-ийнх нь саналаар МНН-ыг ИЗН-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулахаар гаргасан шийдвэрийг үндэслэн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ИЗ-НН-ыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан юм.





Улс төрийн намыг зөвхөн бүртгэх үүрэгтэй Улсын Дээд шүүх нь тус хоёр намын өмнөх Их хурал болон төлөөллийн төв байгууллагуудын шийдвэр, хурлын тэмдэглэл зэрэг хуульд заагаагүй материалуудыг нэхэх, хөдөө орон нутгаас ирүүлсэн гэх хууль бус бичиг баримтуудыг нягтлуулах зэргээр намын бүртгэлийг удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ хугацаанд МНН-ын бага хурал дээр цөөнх болсон  гишүүд, өөр бусад намын гишүүд, нам бусчуудтай хамтран илтэд хууль бусаар намын 9 дүгээр Их хурал гэгчийг хуралдуулж намын дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүх бүртгэж авсан нь ардчилсан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн алхам болсон нь хэд хэдэн  үндэслэлүүдээр харагдаж байна. Хууль ёсны ямарч эрхгүй, тамга тэмдэггүй, нам бусчууд, улс төрийн олон намын төлөөллөөс бүрдсэн хэсэг бүлэг этгээдийн хүсэлтийг Улсын дээд шүүх хүлээж авч шийдвэр гаргах эрхгүй.

Мөн Улс төрийн намын олонхиороо шийдвэр гаргадаг ардчилсан зарчмыг үл хүндэтгэн аливаа намын дотоод хэрэгт хөндлөнгөөс ямарч байгууллага, албан тушаалтан оролцохыг хориглосон Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулийг Улсын Дээд шүүх шууд зөрчлөө.

ИЗ-НН-ын бүртгэлтэй холбоотой шүүхийн үйл ажиллагаа дуусаагүй үед түүнтэй зэрэгцэж гаргасан ямар нэгэн хууль бус өргөдөл, хүсэлтийг Улсын Дээд шүүх  шийдвэрлэх эрхгүй. Хамгийн сүүлд манай намд ирүүлсэн Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүний 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3-2212 дугаар бүхий албан бичгийн дагуу бид 8 аймгийн намын орон нутгийн байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг нягтлах үүргийг энэ хугацаанд хийгээд материалаа дахин  өгөхөөр бэлтгэж байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр хуулинд нийцэхгүй, ёс зүйгүй, шудрага бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд Монголын Ногоон нам Улсын Дээд шүүхийн 3 шүүгчийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон холбогдох бусад эрх бүхий байгууллагуудад хандах болно” гэдгээ мэдэгдлээ.

Л.Дорж: /МНН-ын Бага хурлын гишүүн/

Манай намын шийдвэр гаргах дээд  байгууллага нь их хурал. Их хурлын чөлөөт цагт шийдвэр гаргах бүрэн эрхийг Бага хурал хэрэгжүүлдэг. Гэтэл ИЗН-тай нэгдэх асуудлыг манай 21 бага хурлын гишүүдээс 15 гишүүн дэмжиж, 4 гишүүн эсэргүүцсэн.  МНН-ын 9 дүгээр их хурлаа бид төрийн ордонд 352  төлөөлөгчтэйгөөр хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан атал Дээд шүүхийн хариу тайлбарт “МНН-ын 9-р их хурал хийсэн нь баримтаар нотлогдоогүй байна” гэсэн  байгаа юм. Гэтэл бага хурлын гишүүд нь мэдээгүй байхад энэ оны 8 дугаар сарын 28-ны өдөр зарлан хуралдуулсан тэдний нэрлэснээр МНН-ын их хурал гэгчийг ямар үндэслэл баримтаар хүлээн зөвшөөрч байгаа нь юм бэ гэж  Дээд шүүхийн шүүгчдээс асуумаар байна.

Хэвлэлийн бага хуралд Д.Энхбат, Ч.Энхзаяа, Г.Янжинлхам, З.Ганбаатар, Л.Дорж,  Э.Батбаяр, Ч.Наранцэцэг, Б.Дүгэржав тэргүүтэй МНН-ын Бага хурлын гишүүд оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top