Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаазгүй ертөнц” хүндэт шагнал хүртэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 18

Олон улсын “Hands off Cain” байгууллага “Цаазгүй ертөнц” хүндэт шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид олгосон тухайгаа  зарлаж, өнөөдөр шагналыг  гардууллаа. Италийн Ром хот дахь “Hands off Cain” байгууллагын төв байранд болсон шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолд Италийн Сенатын дэд Ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино, Гадаар хэргийн яамны Төрийн нарийн бичгийн орлогч дарга Винцензо Скотти, “Hands off Cain” байгууллагын ерөнхийлөгч Марко Паннелла, тус байгууллагын нарийн бичгийн дарга Сержио Д’Элиа, парламентын гишүүн, хүний эрхийн төлөө, цаазлах ялын эсрэг тууштай тэмцэгч хатагтай Элизабетта Зампарутти нар оролцов.

Итали Улсын Сенатын дэд Ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино хүндэтгэлийн ёслолыг нээж хэлэхдээ  “Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, амьд явах эрхийг баталгаажуулах, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс шийдэмгий алхам хийж, амжилт гаргасан лидерүүдэд энэхүү нэр хүндтэй шагнал олгогддог бөгөөд 2011 оны шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өгөхөөр шийдвэрлэсэн нь зүй ёсны юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өөрийн орондоо ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж, ардчиллыг бэхжүүлсэн 20 жилийн хугацаанд шийдвэрлэх үүргүүдийг гүйцэтгэж ирсэн байна.

Өнгөрсөн 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаас түдгэлзэж байгаагаа Монгол Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандаж мэдэгдсэн нь цаазаар авах ялаас татгалзаад байгаа олон улс орнуудын, мөн НҮБ, Европын Холбооны талархал дэмжлэгийг зүй ёсоор хүлээлээ.

Монгол Улс хүний амьд явах эрхийг баталгаажуулах талаар Азид үлгэр жишээ болж буйн баталгаа нь энэхүү шагнал болж байна” гэсэн юм.

“Hands off Cain” байгууллагын Ерөнхийлөгч Марко Панелла “Аливаа төр засаг нэг ч иргэнийхээ амийг устгаж болохгүй гэж Та хэлж байсан. Таны энэ үгийг цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа бусад улс оронд хандаж би хэлмээр байна” гэв.

“Цаазгүй ертөнц” хүндэт шагналыг хүлээж авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халахын төлөө байгаагаа дахин илэрхийлэв. Тэрээр нэгэн цагт дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж байсан хоёр улс бол Монгол, Итали билээ. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчирхэг эзэнт гүрэн, хамгийн аугаа соёл иргэншил байсан энэ хоёр улс өнөөдөр цаазлах ялгүй байх ёстой... Бидний түүхэнд  алдаа бий. Гэвч  аливаа төрд хүний амиар сольдог алдаа гэж байж болохгүй. Тиймээс бид цаазаар авах ялыг бүрэн халахын төлөө тууштай зогсох болно...Та бүхний өнөөдрийн шийдвэр бидэнд улам их урам зоригийг өглөө” гэж хэллээ.

“Hands off Cain” нь 1993 онд Брюссельд байгуулагджээ. 1997 оноос хойш цаазаар авах ялын тухай мэдээллийг олон нийтэд ил болгох зорилгоор судалгаа хийдэг болсон бөгөөд НҮБ болон түүний Хүний эрхийн комисстой хамтран ажиллаж байна. 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд “Цаазаар авах ялыг халах” санаачилгыг гаргах Италийн Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн байгуулагдаж, тэргүүнээр нь Италын Сенатын дэд Ерөнхийлөгч, “Hands off Cain” байгууллагын хүндэт Ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино томилогдсон юм.

Тэрээр хүний эрх, эрх чөлөөний төлөө, цаазаар авах ялын эсрэг тууштай тэмцэгч, италийн нэртэй улс төрч билээ.

“Цаазгүй ертөнц” хүндэт шагналыг Сенегал Улсын Ерөнхийлөгч А.Ваид, Мексик Улсын Ерөнхийлөгч асан В.Фокс, Руанда Улсын Ерөнхийлөгч П.Кагаме, Итали Улсын Ерөнхий сайд асан Р.Проди нар авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top