Хулс бол Ази тивийн халуун бүс нутгаас гаралтай Луу модны аймгийн ургамал юм. Хулсны 1200 гаруй төрөл зүйл дэлхий даяар тархсан байдгаас манайд дэлгэрсэн хулсыг Draceana sanderiana гэж нэрлэдэг юм байна. Хулс нь хамгийн хурдан ургадаг ургамал бөгөөд байгаль дээр ургадаг зарим төрлийн хулс өдөрт 60 см ургадаг гэнэ. Хамгийн өндөр нь 40 м орчим өндөр байдаг бол хамгийн бага нь 20 см орчим өндөртэй тохиолддог. Сонирхолтой нь, хулс модны төрөлд орохгүй өвс гэсэн ангилалд багтдаг. Хулсны зарим төрлөөр барилгын материал, хөгжмийн зэмсэг хийдэг бөгөөд бас тасалгааны гоёл чимэглэл болгон ашигладаг. Учир нь, хулс тарьж ургуулахад арчилгаа бага шаарддаг, тухайн орчин нөхцөлдөө дасахдаа амархан бас өнгө үзэмжтэй ургамал.
Хулсыг хөвдөн хөрс болон усанд тарьж болно
Хөрсөнд тарих тохиолдолд ус сайн нэвтрүүлдэг хөрс байх хэрэгтэй. Элс, хөвдөн хөрс, үржил шимт хөрсийг 1:1:1 байхаар тооцож бэлтгэнэ. Хулсыг мөн ёроолд нь хайрга дэвссэн шилэн саванд ус хийж ургуулж болдог. Ус бохирдоогүй цэвэр байвал усыг бүхлээр нь солих шаардлагагүй бөгөөд ус бага зэрэг ширгэсэн тохиолдолд дээрээс нь ус нэмж хийж болно.
Хулсны үндэс усны хэмжээгээр өгсөж ургадаг
Тарих савны хувьд 5 см диаметртэй байх нь хамгийн тохиромжтой байдаг. Хэрвээ хулсаа усанд тарих гэж байгаа бол шаазан болон шавар сав сонгоорой.
Гаднаас нарны гэрэл тусдаг тунгалаг шилэн сав нь амархан замагтаж усыг бохиртуулдаг. Тиймээс бараан өнгийн шилэн саванд тарьж болно. Усанд тарьж байгаа тохиолдолд үндэс усны хэмжээгээр өгсөж ургадаг тул усыг дундаж хэмжээнд байлгах нь зүйтэй.
Услагаа дутсан хулсны навч мушгирч эргэдэг
Усанд биш хөрсөнд тарьсан тохиолдолд хөрсийг бага зэргийн чийгтэй байхаар бодож услагааг хийнэ. Хэрвээ хулсны навч эрчилж мушгирсан байвал ус дутсаны шинж, харин навч нь доош унжийсан байвал услагаа илүүдсэний шинж тэмдэг байдаг. Усанд тарьсан тохиолдолд долоо хоноод усыг солих бөгөөд шил, болон хайргыг сайтар цэвэрлэн зайлж муудсан үндэсийг тасдаж ялгаж цэвэрлэнэ. Солих усыг нэг хонуулж хлор, шохойг нь арилгасан байх хэрэгтэйг санаарай.
Хулсаа зүүн зүг рүү харсан цонхны гэрэлд тавиарай
Хулс нарны шууд, хурц тусгалд дургүй. Харин хагас сүүдэрлэг гэрэлд дуртай ургадаг. Навч шарлаж эхэлбэл энэ нь нарны хурц гэрэл нөлөөлсөнийх бөгөөд шарласан навчийг даруй тасдаж авах хэрэгтэй. Авахгүй байлгавал гол ишийг гэмтээх аюултай. Зүүн болон зүүн өмнө зүг рүү харсан цонхны гэрэл хулсанд хамгийн тохиромжтой.
Үндэс хуваах аргаар үржүүлж болно
Хулсыг тасалгааны нөхцөлд тарьж байгаа тохиолдолд чийг ихээр шаарддаг учир та бүлээн усаар шүршиж өгөөрэй. Мөн чийглэгийг нэмэгдүүлэхийн тулд устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулж болно. Гэхдээ цэцгийн савны ёроолыг усанд хүрэхгүйгээр хайрган дээр байрлуулах нь зөв юм. Хулсанд шингэн бордоо тохирох бөгөөд маш хөнгөн чанарын бордоо шаардагддаг. Хэрэв бордооны тун хэтэрвэл үндэс түлэгдэх аюултай. Хавар ургамлын идэвхтэй ургалт эхлэхээс өмнө хулсны үндэсийг хувааж үржүүлж болно. Мөн тайралт хийж усанд үндэслүүлэн үржүүлж болдог. Усанд хийж үндэслүүлэхдээ 20 см орчим урттай мөчрийг сонгон авч 45 градусын өнцөг гаргаж огтолж авна.
Хулс айл гэрт аз жаргал, амжилт далладаг эерэг энергитэй
Хятад хэлэнд “Fu Gwey Zhu” гэж дуудагдах бөгөөд "Fu" нь эд баялаг, хөрөнгө зоорь "Gwey" хүч чадал, хүндлэл дээдлэл, "Zhu" нь мөнөөх хулс гэсэн утга санааг агуулж байдаг. Хулсыг эд хөрөнгө аривжуулагч, айлд эерэг сайхан энерги, эрч хүч бэлэглэгч, аз жаргалыг дуудагч гэж дорно дахины ард түмэн эртнээс дээдэлж шүтэж иржээ. Аз жаргалын хулсны тооны бэлгэдэл гэвэл нэг шилэн саванд ихэнхдээ 2, 3, 5, 6, 10, 21 ширхэгийг хийж, бэлэг дурсгалд өгнө. Хоёр хос залуусынх. Гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл. Тав нь амьдралын таван талаас тансаг зүйл даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх. Зургаа нь амьдралыг урд урдынхаас гэгээлэг, өөдрөг сайн сайхан болгох. Арав нь амьдрал хийгээд алив юмс бүрэн бүтэн төгс төгөлдөр байх. Хорин нэг нь бурхны ивээлээр бүх хэрэг тань бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэхэд тус тус хэрэглэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Хулс маань маш өндөр сагсайсан навчтай болчихсон яаж тайралт хийх вэ
Яахавдээ л\n
Хулсны навч ямар ач тустай вэ
хулсны минь гол мод навч иь шарлаж үхэх гд бна яах вэ надад туслаач яаралтай арга хэмжээ авмаар бна