“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 39 дэх дугаарын тойм

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

Долоо хоног тутмын хэвлэл -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн өнөөдрийн дугаарт “Монголын бүх ард түмний спортын ХШ их наадам зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоолын дагуу  их наадмыг 2012 онд орон даяар зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд худалдах, худалдан авах, тээвэрлэх болон хуш модны самар, түүний үр, бүтээгдэхүүнийг экспортлохыг 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хоригложээ. Үүнийг “Хуш модны самрын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор тогтоожээ. Хуш модны самрын ургацын байдалд урьдчилсан үнэлгээ хийж хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаархи бодлогыг тодорхойлох, ойн санд самар бэлтгэлийн хамгаалалттай бүс байгуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны IY улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт, энэхүү арга хэмжээг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.

Эмхтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээр батлах тухай,  2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн Протоколыг батлах тухай  Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Засгийн газрын  261 тоот тогтоолоор Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2012 оны төсвийн хязгаарыг  тогтоож өгсөн бөгөөд  улмаар батлагдсан төсвийн хязгаарт багтсан 2012 оны төсвөө боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан байнa.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top