Ногоон хивсээр гоёх MMVA 2011-ын зочид ч мөн ногоон гоёлоор дэгжирхэж ирнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

Уламжлалт улаан хивсний ёслолоор эхэлдэг Mongolian Music Video Awards наадам энэ жил “Органик ирээдүй”-н төлөө нэгдэцгээе уриатайгаа холбогдуулан “ногоон” хивсний ёслолын ажиллагаагаар эхлэх гэж байна. Эрүүл, ногоон ирээдүйн төлөө монголын орчин үеийн хөгжмийн урлагийнхан төдийгүй үзэгчдийг хамтдаа нэгдэхийг уриалж, наадамд ирэх зочид бүгд “ногоон гоёл”-оор дэгжирхэж ирэх юм байна.

Жил бүр мэргэжлийнхэн болон үзэгчдийн анхаарлын төвд зүй ёсоор байдаг нэг чухал зүйл бол шүүгчдийн бүрэлдэхүүн. Наадмын энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТВ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Аригу” компанийн захирал, продюсер Л.Ариунбат, “HIFI Label”-ын продюсер Ц.Нацагдорж нар ажиллаж байна. Шүүгчдийн эхний хурал болж, наадамд өрсөлдөх бүтээлүүдтэй танилцан, эхний шүүлтийг хийсэн бөгөөд энэ жил наадамд өрсөлдөж буй клипүүд техникийн дэвшлийг ашигласан шинэлэг болохыг шүүгчид онцолж байсан юм.

Энэ жилийн “Mongolian Music Video Awards 2011” наадмын гол онцлог нь Соёл урлагийн салбарынхан бид өөрсдөө болоод ирээдүй хойч үедээ органик байгаль орчинд амьдрах, органик бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэх нь бидний ирээдүйн  хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон бүх нийтийг органик хөгжилд уриалан дуудаж “Органик ирээдүй”-н төлөө нэгдэцгээе уриан дор зохион явуулж, эрүүл, ногоон орчинг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж байна.

“Mongolian Music Video Awards 2011” наадам  нэг талаар шагнал гардуулах ёслол боловч, нөгөө талаар шоу тоглолт байж, тэр жилийн хамгийн өнгөтэй бүхнийг үзүүлдэг гэдэгтэй үзэгчид санал нийлэх биз. Уран бүтээлчид ёслолын ажиллагаандаа зориулж шинэ содон тоглолтыг бэлтгэж, тайзнаа анхны гэх тодотголтойгоор хүргэдэг нь уламжлал болсон зүйл. Энэ жилийн наадмын тайзнаа тоглогдох хөтөлбөрт үзэгчдийг гайхшруулах томоохон шоу тоглолт бэлтгэгдэж байгаа.

Наадамд хоёр дахь жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, монголын рок поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ UFC групп хамтран ажиллаж байна. Наадмын тасалбар 15.000, 10.000 гэсэн үнэтэй бөгөөд тасалбар бүрийн 500 төгрөгийг Органик үйлдвэрлэгч UFC групптэй хамтран УБ хотын “Баянгол” дүүргийн 76-р цэцэрлэгийг сонгож цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлаг болон бизнесийн байгууллага нийгмийн сайн үйлсийн төлөө хамтдаа нэгдэж, мөн бусдыг нэгдэхийг уриалж байгаа үйл явдал юм.

Монголын шинэ үеийн хөгжмийн видео клипний шилдгүүдийг тодруулдаг “Mongolian Music Video Awards 2011”  наадам 8 дахь удаагаа энэ сарын 26-ны лхагва гарагийн 17 цагт Соёлын Төв Өргөөнд эхэлнэ.

 

2010 оны MMVA-ын зурагнаас

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top