“Сандэй” группийн өв залгамжлагчид

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

Төрд шургалж, төсөв, тендер будлиулж баяжсан хүмүүсийн дэргэд цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа бүтээж босгосон цөөхөн эрхмүүдийн тоонд “Sunday” группийн ерөнхийлөгч ноён Д.Бат-Өлзий зүй ёсоор орно. Гавьяат барилгачин ахын дүү тэрбээр “Жигүүр гранд”-аас дутахгүй бизнесийн вант улсыг бүтээн босгосон энэ ноёнтны гэргий Г.Байгальмаа хэмээх дайчин хатагтай бий. Ханьдаа гарын таван хуруу мэт таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн тэрбээр Эх үрсийн баяраар хүүхдүүддээ бэлэг цуглуулж яваад “Grand” сэтгүүлийн дуранд өртсөн юм.


Эдний том том хүүг Б.Амийжин гэдэг бөгөөд Монголд урьд өмнө нь баригдаж байгаагүй, бидний зөвхөн киноноос л үздэг байсан тансаг зэрэглэлийн хауз хотхоныг барьж байгуулах ажилд ноён Д.Бат-Өлзийн ууган хүү аавтайгаа хүч хавсран ханцуй шамалж байгаа аж. Хотоос зайдуу Морин давааны тэнд сүндэрлэх сургууль, цэцэрлэг, ер хүний амьдралд юу хэрэгтэй бүхэн тансаг, дээд зэрэглэлийн түвшинд цогцлох “Эрдэнэсийн арал” хотхон хэдийнээ баячуудын арааны шүлсийг гоожуулаад эхэлсэн гэж байгаа. Харин дараагийн охиныг нь Б.Сэлэнгээ гэдэг. Урьд хөрш Хятадад дээд сургууль дүүргэсэн энэ үзэсгэлэнтэй залуу бизнес хатагтай “Нарантуул” захыг дампууруулах шахам ашигтай, мэдрэмжтэй байрлалд босгосон “Sunday plaza” худалдааны төвийн гүйцэтгэх захирал бөгөөд үйл ажиллагааг нь ээжийнхээ хамт тун ч амжилттай удирддаг. Түүний нөхөр нь мөн л барилгын компанитай бөгөөд хадам ааваасаа тусдаа бизнес эрхэлдэг байна. Удаах хүү Б.Тэмүүжин “Sunday” группийнхээ гадаад харилцааг хариуцан ажилладаг байна. Гэргий нь Г.Анар гэдэг хосууд Сингапурт  суралцаж байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг. Таван хэлтэй, Куба, Испани зэрэг олон улсад сургууль төгссөн бэрээрээ хадмууд нь тун ч их бахархдаг байна.


Харин дараагийн хүү Б.Энхжин. “Шинэ өглөө” их дэлгүүрээ хариуцан ажилладаг хар залуугаасаа хүч хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээж босгосон ноён Д.Бат-Өлзийн хувьд хүүхдүүдээ ч мөн адил багаас нь бие даалгаж, ажил, амьдралд сургах гэсэндээ залуу, бага гэж чамлахгүйгээр салбар компаниудаа хариуцуулан ажиллуулдаг биз ээ. Ноён Д.Бат-Өлзийн хошуугаа дэвсдэг отгон охиныг Б.Анударь гэдэг. “American School”-ын ахлах ангийн сурагч Б.Анударь “Sunday Plaza”-гийнхаа нүүр царай болдог бяцхан модель. Эцэст нь ийм олон сайхан үрс төрүүлж өсгөн өдий зэрэгт хүргэж Монголын үрсийг маш олон болгосон хатагтай Байгальмаад баяр хүргэх нь зүй болов уу.

Эх сурвалж: “Grand” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top