Нэрийнхээ хувьд ч, газар нутгийнхаа хувьд ч эх орныхоо төв хэсэгт нийслэл хотоо тойрон байршдаг Төв аймгийн нээлттэй өдрүүд Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж Соёлын төв өргөөнд нээлтийн ёслол нь боллоо. Төв аймаг хамгийн сүүлд, 1982 онд “Төв аймгийн соёл урлагийн 10 хоног” нэртэйгээр Улаанбаатар хотноо аймгаа сурталчилж байснаас хойш 29 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажил, амжилт ололтоо нийслэлчүүддээ тайлагнах гэж байгаа юм байна. Энэ нь 2013 онд болох 90 жилийн ойгоо угтсан арга хэмжээ гэдгийг нээлтэд оролцсон хүмүүс тодотгож байлаа. Нутаг усныхаа төдийгүй эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан спортын одод болон тус нутгаас төрөн гарсан, бахархал болсон алдартнуудаа хоймроо залсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо “Төв аймаг нь манай улсын ууган бөгөөд томоохон аймгийн нэг болохын хувьд улс орныхоо хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэдгийг тодотголоо. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор зохион байгуулсан гурван удаагийн Атрын аяныг хэрэгжүүлэхэд Төв аймагчууд голлох үүрэгтэй оролцож ирснийг тэрбээр тэмдэглээд энэ 2011 онд Төв аймаг сүүлийн 25 жилд авч байгаагүй арвин их ургац хураасан нь тус аймгийн тариаланч, хөдөлмөрчдийн ажлын бодит үр дүн. Энэ сайхан амжилт нь олон түмэнд үлгэр жишээ болж, ажил хөдөлмөрт уриалан дуудаж, атрын аяныг улам өргөжүүлэн эрчимжүүлэхэд хүч нэмж байгааг Ерөнхий сайд сайшааж байлаа. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэлэлцсэн гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр дуулгаад Төв аймгийнхны зүгээс Засгийн газарт хандан тавьсан, тус аймгийг Төвийн бүсийн тулгуур төвийн хувьд хөгжүүлэх, авто зам зэрэг дэд бүтэц, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, газар тариалангийн техникийн шинэчлэлийг өргөжүүлэх асуудлуудыг цаашид анхааран шийдвэрлэх болно гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )