Уурын зуух дэлбэрснээс сэндвичин барилга нуржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

Дэлбэрэлт Тэц 4-ийн ойролцоо болжээ. Нийслэлийг дулаан эрчим хүчээр хангадаг гол районы ойролцоо нам даралтын зуух дэлбэрсэн нь аюулын харанга дэлдлээ. Гэхдээ азаар Тэц 4-ийн үйл ажиллагаанд энэ дэлбэрэлт саад учруулсангүй. Харин ойролцоо байрлалтай барилга дэлбэрэлтийн улмаас нуржээ. Мөн уурын зуух нь дэлбэрчихээд байгаа бетон үйлдэрлэдэг компанийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн хашаа руу үсэрсэн зүйлс ногоон байгууламжийг нь сүйтгээд зогсохгүй байшин барилгынх нь цонх хагарахад ч нөлөөлжээ. Дэлбэрэлтээс үүдэж урьдчилсан байдлаар ойролцоох аж ахуй нэгжүүдэд нь багаар бодоход 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Азаар дэлбэрэлтийн улмаас хүний биед бэртэл гэмтэл учраагүй байна.  Дэлбэрэлтийн улмаас 76м2 сэндвичэн барилга нурсан гэх мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажилласан байна. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагууд  хамтарч дэлбэрэлтийн шалтгаан юунаас болсныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Тэдний хэлж байгаагаар энэ төрлийн тэсэрч дэлбэрсэн тохиолдлын ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүйгээс үүдэлтэй гэнэ. Тиймээс ийм төрлийн хохирол амсахгүйн тулд аж ахуй нэгжүүдийг байнгын шалгалт явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа хангаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top