НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хэлэн Кларк Монголын уос төрч, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн Хөтөлбөрийн захирагч Хэлэн Кларк (Helen Clark) 2011 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийж байгаа билээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Жендэрийн Үндэсний хорооноос Монголын улс төрч, манлайлагч эмэгтэйчүүдтэй өндөр хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, сонгуулийн талаар мэдээлэл солилцож түүний туршлага, амжилтын тухай мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг хэрхэн нэмэгдүүлэх,  Монгол улсын байгаль орчин ба жендэр, уул уурхайн хөгжил ба гэр бүл, гэр бүлийн үнэт зүйл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийн асуудлаар санал солилцлоо. Жендэрийн Үндэсний хороо нь 2011 онд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх зорилгоор тодорхой үе шаттай цогц үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний хүрээнд энэхүү өндөр хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг Жендэрийн Үндэсний хорооны дэд дарга Б.Долгор нээн үг хэлэхдээ НҮБХХ-ийн мандат стратегийн хүрээнд улс орны хөгжлийг дэмжин явуулж буй бүхий л үйл ажиллагаандаа жендэрийн мэдрэмжтэй бодлого, хүний хөгжлийн асуудлуудыг байнга анхааран хэрэгжүүлж буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид улс орны хөгжлийн бодлогын хувьд байгаль орчин, цаг агаарын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уул уурхайн ажиллах хүч, тэдний гэр бүлийн асуудлуудыг цогцоор анхаарах шаардлагатай байгаа талаар онцгойлсон болно. Тэрээр Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын 3 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд НҮБХАС, НҮБХХ Жендэрийн Үндэсний хороонд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллан багагүй үр дүнд хүрээд байна. Цаашдаа шийдвэр гаргах түвшинд төдийгүй өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаж буй олон асуудлаар хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дараа нь хатагтай Хэлэн Кларк өөрийн улс төрийн амжилтын туршлагаасаа хуваалцан, Шинэ Зеландын Ерөнхий сайд байхдаа явуулж байсан гадаад харилцаа, эдийн засаг, нийгэм, соёлын талаарх бодлогуудаасаа мэдээлэл өгч, түүний тэргүүлж байсан Засгийн газар хэрхэн эдийн засгийн өсөлт нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гэр бүл болон өндөр настны халамжийг сайжруулж чадсан тухайгаа танилцуулсан юм.

Уулзалтад Жендэрийн Үндэсний хорооны төлөөлөгчид болон Монголын улс төрч, манлайлагч нийт 15 эмэгтэй оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top