УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодруулга авлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан албан бичгийг хэрхэн шийдэхээр болсон бэ?
-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүн өчигдөр албан бичгээр илэрхийлсэн. УИХ-ын дарга албан тооттой танилцаад Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлж хуулийн дагуу авч үзэх чиглэл өгсөн. Өнөөдөр хуралдах УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар саналыг хэдийд хэлэлцэх талаар ярилцах байх. Тэгэхээр байнгын хороод хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу асуудлыг авч үзэх байх гэж бодож байна.
-Гишүүдийн гаргасан саналын хууль зүйн үндэслэлийн талаар та юу хэлэх вэ?
-Үндсэн хуульд "Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Харин Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах талаар Үндсэн хуульд тодорхой заагаагүй байдаг.
УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах" тухай заалтыг үндэслэн гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуудлыг тавьж буйгаа албан тоотдоо дурдсан байгаа. Гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргах нь гишүүдийн эрхийн асуудал. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь Засгийн газрыг огцруулна гэдэгтэй хууль зүйн хувьд дүйж байгаа ойлголт болохыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд заасныг анхаарч үзэх ёстой байх. Иймээс гишүүдийн энэхүү саналыг хэрхэн шийдвэрлэхийг байнгын хороо шийднэ.
-Та хуульч хүний хувьд гишүүдийн энэ саналын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ талаар би өчигдөр хэвлэлийнхний асуултад товч хариулсан. Гэхдээ өнөөдрийн хэвлэлүүдэд өөр өөр байдлаар гарсан байна лээ. Би хуульчийн хувьд Үндсэн хуулийн хүрээнд ийм боломж байгааг олж харахгүй байгаагаа л хэлсэн. Түүнээс биш саналыг хэлэлцэх боломжгүй, эсхүл хүлээж авахгүй гэж хэлээгүй. Тэгж хэлэх боломж ч байхгүй. Ер нь энэ саналын тухайд олон нийтийн дунд янз бүрийн байр суурь байх шиг байна. Хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаа хэсэг байхад бас хэлэлцэхэд болохгүй юмгүй гэсэн нэг хэсэг ч байгаа бол ер нь хэлэлцээд энэ асуудал зөв, буруу эсэхийг ялгаад цаашдаа зөв жишиг тогтоож нэг тийш нь хариулт өгөх ёстой гэж үзэж байгаа хэсэг ч бас байгаа нь ажиглагдаж байна.
Хэрхэн шийдвэрлэхийг байнгын хороо шийдэх байх. Ингэж тэгж шийднэ гэж урьдчилан хэлэх боломжгүй. Цаашдаа ийм асуудлыг хэрхэн шийдэх жишиг эндээс тогтох байх аа.
Сэтгэгдэл ( 0 )