Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Иосиповичийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Загреб хот дахь Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтан авчээ. Түүний дараа Ц.Элбэгдорж, И.Иосипович нар ганцаарчилж уулзлаа. Хоёр Ерөнхийлөгч авлигатай тууштай тэмцэх, хууль шүүхийн байгууллага шударга ажиллах, хуулийг хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд хүргэх суурь үндэс болох тухай ярилцжээ. Уулзалтын үеэр мөн харилцаа хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцсон байна.
И.Иосипович нь 2009 онд Социалдемократ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ авилга хээл хахууль, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэхээ амлаж “Шинэ шударга ёс” уриан дор кампанит ажлаа явуулж ялж байжээ.
Бүгд Найрамдах Хорват Улс нь 4.4 сая хүн амтай, нэг хүн амд ногдох ДНБ нь 17 400 доллар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр зэрэг зарим байгалийн ашигт малтмалын экспорт, аялал жуулчлал зэргээс эдийн засгийн гол орлогоо олдог. Хорватын Парламент нь нэг танхимтай, 153 суудалтай. 4 жилд нэг удаа сонгууль болдог, пропорциональ системтэй. Ирэх сард тус улсад парламентын сонгууль болох гэж байгаа аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Хорват Улсын нийслэл Загреб хотноо байх “Ветерина” ХК-ийн “Женера” үйлдвэртэй танилцсан байна. “Женера” нь 110 жилийн түүхтэй, 60 гаруй төрлийн малын эм, вакцин, витамин үйлдвэрлэж дэлхийн 25 оронд нийлүүлдэг томоохон үйлдвэр юм. Саяхан Европын Холбоо мал эрүүлжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тус үйлдвэрт 5 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг үйлдвэрт зочлох үеэрээ монголын хөдөө аж ахуйн салбарын чухал асуудлуудын нэг бол “Малыг эрүүлжүүлэх асуудал юм” гээд монгол малд тохирсон вакцин үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар үйлдвэрийн удирдлагатай ярилцлаа. Мөн харилцан мэргэжилтэн солилцох талаар ч бас хөндсөн байна. “Ветерина” ХХК-ий удирдлага Монгол бол дэлхийн том зах зээл рүү гарах цэг учраас бизнес эрхлэгчид энэ боломжийг ашиглах учиртай гэдгийг онцлон хэлж, Ерөнхийлөгчийн тавьж буй саналуудыг судлахаар болсон байна. Дараа нь үйлдвэрийн вирус хадгалдаг хэсэг, зохиомлоор суулгасан үрээ шалгадаг хэсгийн үйл ажиллагаатай танилцжээ.
Малын эм хэрэгслийг үйлдвэрлэх, худалдан борлуулах зөвшөөрөлтэй манай 40 гаруй аж ахуйн нэгж малын эм, вакцин үйлдвэрлэдэг “Женера” компанитай хамтран ажиллахаар болсон аж.
Хорват Улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрөө ерөнхийлөгч тус улсын Парламентын дарга, ноён Лука Бебичийг хүлээн авч уулзлаа. Энэхүү айлчлал нь зөвхөн Монгол Хорватын төдийгүй Ази Европын харилцаанд чухал үйл явдал болж байна гэж ноён Лука Бебич уулзалтынхаа эхэнд хэлсэн байна. “Манай Улсын Ерөнхийлөгч 2008 онд Монгол оронд айлчилж байсан бол энэ удаад Монголын Ерөнхийлөгч манай улсад айлчлан ирж байгаа нь хоёр орны харилцааг хөгжүүлэх ажил хэрэгч яриа хэлэлцээ идэвхижихэд чухал түлхэц болж байгаа нь дамжиггүй. Хорватын парламент, Монголын Их хурлын хоорондын харилцааг идэвхижүүлэх нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд нэг том тулгуур болох юм. Саяхан Улаанбаатар хотод Хорват Улсын өргөмжит консул нээгдлээ. Монголын засгийн газар, гадаад харилцааны яам энэхүү шинэ Консулын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Хорватад Монгол Улсын өргөмжит консулаар ажилладаг ноён З.Матеша бол улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч, нэр хүндтэй хуульч хүн. Түүний идэвхитэй оролцоотойгоор бид нягт хамтран ажиллах болно” гэж ноён Лука Бебич хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Айлчлал эхэлсэн даруй Хорват Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён И.Иосиповичтой уулзаж бидэнд бүх салбарт хамтран ажиллах сонирхол, боломж байна гэдгээ харилцан нотоллоо.
Удахгүй танай улс Европын Холбооны гишүүн улс болох гэж байна. Энэ түүхэн нөхцөл байдал нь бидэнд харилцааны өргөн боломжийг нээх болно. Хорват Монгол нь хөдөө аж ахуй, малын эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой” гэж хэлсэн байна.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )