Шүлэг: Сайн байна уу, сайхан бүсгүй минь

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 22

 Сайн байна уу, сайхан бүсгүй минь.

Салхин доор чинь саатаж түр сууя.

Хайр, үнсэлт аль нь ч надад хэрэггүй,

Харц минь хүсэж байсан ч уруулын будгаа гамна.

Зүгээр л янгинах сэтгэлийг минь өвдөг дээрээ дэрлүүлж

Зүү утас сүвлэж ханзарсан зүрхийг минь нөхөөч

Гуйж байна, эдгэхэд минь туслаач, яг л ээж шиг минь

Гадаа хүйтэн байхад сэтгэлийг минь ээгээч, яг л нар шиг

Хэн зүрхийг минь урсныг бүү асуу,

Хаана сэтгэлийг минь зодсоныг битгий таа.

Энгэрт чинь наалдаж нэг л удаа мэгшие

Энэнээс цааш хилийн дээс алхахгүй ээ.

 

Сайн байна уу, сайхан бүсгүй минь?

Согтуу бишээ би мулгуу нэгэн байна

Сормуусан дундуур чинь горьдлого болон шургасан мөртлөө

Сүмбэн хуруунд чинь бөгж болон үлдэж чадахгүй нь

Оёж өгсөн зүрхний чинь заадлаар нь салхи сийгэж

Огт өвдөх сорвигүй ч сэтгэл минь хөндүүрлээд байна

Нимгэхэн хиргүй алчууран дээр жаргалын хээ хатгаж

Намайг гэсэн ертөнцийг чи л урлаж чадах ч

Нар жаргахаас өмнө мориндоо би мордоё

Нил хар дурсамжаа богцлоод, нэг тийшээ далдаръя.

 

Сайн байна уу, сайхан бүсгүй минь?

Аясын салхи навч хөлөглөн чамд энэ үгийг хүргэг

Амьдрал үхлийн эцсийн цэг дээр асуултанд чинь хариулъя.

Зүрхийг минь ханз татсан тэр л бүсгүй анх өөрөө эсгэж

Сүүдрээсээ ч цочих сэтгэлийг тэр л тээж төрүүлсэн юм.

Дахиж би үлгэрт итгэхийг хүсэхгүй

Дараа чамайг уйлж суухыг хармааргүй 

 

Сайн байна уу, сайхан бүсгүй минь?

А.Арман  2010/06/05


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top