/tibi et igni/
Уншаад, шатаа...
Уйлаагүй юм шүү дээ, ухаан л нэмж байх шив
Учрал бөгөөд хагацлын хооронд баахан савлаад
Түймрийн нурангин дунд уугиж хэвтсэн сэтгэлийг минь
Татаж дууссан тамхиныхаа иштэй хамт...
Уншаад, шатаа...
Гуйгаагүй юм шүү дээ, горьдлого хамгийн сүүлд үхдгийг мэднэ.
Гайхашрал болон мөрөөдлийн дунд зөндөө догдлоод
Галт уул шиг бургилж бухимдсан зүрхийг минь
Гадаа овоолсон хатсан навчтай хамт...
Уншаад, шатаа...
Айгаагүй юм шүү дээ, анх удаа үхэх гэж буй хүн би биш.
Асуудал ба асуултын дунд үргэлж үсчээд
Шүдэнзний хайрцганд ядарч хэвтсэн хайрыг минь
Шүүдэр буух өглөөний сэрүүн тунгалгаас өмнө...
Уншаад, шатаа...
А.Арман 2010/06/24
Сэтгэгдэл ( 0 )