Инула энэ үнэн гэж үү?
Сая би салхитай уулзлаа, сайндаа ч биш
Бүгд жаргалтай байтал
Бүгчим халуун болов.
Агаар дутагдаж, амьсгал давчдаад
Зовлон нэгээр нэмэгдэхэд, зориод түүнийг олтол
Тэр газар мөлхөж, тал доргитол санаа алдах юм.
Инула энэ үнэн гэж үү?
Согтуу болов уу гэтэл
Сормуус нь нулимсаар хучигдаж
Сайхан чиний хөлийг
Сая сая удаа хайртай гэж үнсэх юм.
Хэнд ч дийлдэж байгаагүй
Эрх чөлөөний баатрыг
Хэрхэн чи уйлуулж дөнгөв
Хорвоог хатаахын учир юу вэ?
Инула энэ үнэн гэж үү?
Мөнгөгүй бол мөрөөдөөд ч хэрэггүй
Мөнхийн хайр чинь юу юм бэ
Хорвоо дэлхий чинийх л юм бол
Хосгүй эрдэнийн харш босго
Хоосон уйтгартай ээрэм талаас
Хурдхан намайг авч яв
Хүн зон шавсан хүлээн авалт хий
Хиргүй тунгалаг болор даашинз нөмөргө
Хүссэн бүхнийг минь биелүүл
Чадахгүй бол битгий төвөг уд
Чамаар би дутахгүй, орчлон л дутах юм байгаа биз
Инула энэ үнэн гэж үү?
Инула энэ үнэн.
Чи үзэсгэлэнтэй дэндүү үзэсгэлэнтэй гэвч
Чамд болор байтугай очир даашинз ч зохихгүй
Баяр хөөртэй үдэшлэг дуусахад
Бүгд чамайг мартаж, бие чинь хөрч эхэлнэ
Бороон дусал зөөлхөн үнсдэг уруулыг чинь
Будгийн амттай дарс түлж орхино.
Инула энэ үнэн.
Чи баян бас сайхан амьдрах эрхтэй гэвч
Элчилгүй уудам энэ талаас өөр
Эгэлгүй баян ордонг хаана ч олж үзэхгүй
Хатан хаан нь байх хувь тавилангаа зүхвэл
Хүйтэн өрөөнд хөлөө тушуулан хаягдана
Хаалттай цонхны цаана харин бид хүлээж
Хатаж хорчийсон дэлбээг чинь гаргаж хаях тэр цагт
Хөөрхий өнөөх салхи л тэвэрч аваад уйлах биз
Хайраар бялхсан хорвоод хэн чамаар дутах вэ дээ?
Инула энэ үнэн.
А.Арман 2010/12/26 (Инула-Зоосон цэцэг /лат/)
Сэтгэгдэл ( 0 )