Аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд энэ оны 3-р улиралд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлан мэдээг гаргав.
Энэ улиралд салбар комиссууд улс төрийн хэргээс цагаатгуулах, нөхөн олговрын материал бүрдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулан мөнгө авах, гэр, орон сууц, буцалтгүй мөнгөн тэтгэмж хүсэх, хураагдсан хөрөнгөө нэхэмжлэх зэрэг асуудлаар 136 өргөдөл, 394 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Мөн 985 иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч санал гомдлыг нь шийдвэрлэсэн байна.
Цагаатгалын салбар комиссууд төр захиргаа, олон нийт, аж ахуйн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсдийн хүсэлтийг үндэслэн 680 хүнд 16 сая гаруй төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг, мөн 219 иргэнд 4 сая гаруй төгрөгийн эд материалын болон хүнсний туслалцаа үзүүлжээ.
Энэ хугацаанд Тагнуулын Ерөнхий Газрын архив-бүртгэлийн хэлтсээс цагаатгагдсан иргэдийн архивын лавлагааг цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 22, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа 34, хууль хяналтын байгууллагуудаас цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ 5 ширхгийг тус тус гаргуулан авч холбогдох нэхэмжлэгчдэд нь олгожээ.
Энэ улиралд нөхөх олговрын материалаа бүрдүүлж, шүүхээр мөнгө авах шийдвэр гаргуулсан 17 нэхэмжлэгчид 15,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )