Ардчилсан намын залуус сонгуулийн тогтолцоог хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

 Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/-ны Бага чуулганы ээлжит III хуралдаан хуралдсан байна.

Хуралдаанд тус холбооны удирдлага, нийслэл, аймаг, дүүргийн салбар байгууллагуудын удирдлага, гишүүдийн төлөөлөл болсон 80 гаруй залуучууд оролцсон бөгөөд холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх, сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцооны талаар баримтлах бодлого, байр сууриа тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

АЗХ-ны Бага чуулганы ээлжит III хуралдааныг нээж тус холбооны Ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэлсэн үгэндээ “АЗХ-оос санаачлан хэрэгжүүлж “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг нийт залуучуудаар хэлэлцүүлж, түүнийг Монголын залуучуудыг хөгжүүлэх гол бодлого болгохоор ажиллаж буй энэ чухал цаг үед холбооны Бага чуулганы ээлжит хуралдаан хуралдаж буй нь өндөр ач холбогдол өгөхүйц үйл явдал болж байна. Учир нь “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт та бүхний үзэл бодол, бодит санал санаачлагыг тусган, улмаар Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулснаар бидний энэхүү хөтөлбөр бодит үр дүнгээ өгч чадах юм.

Мөн 2012 оны бүх шатны сонгууль болоход хэдхэн сар дутуу байгаа энэ үед АЗХ нь намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд сонгуульд хэрхэн үр дүнтэй оролцох, залуучуудыг хэрхэн сонгуульд идэвхтэй оролцдог болгох, сонгуульд нэр дэвших залуучуудын хувь, оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, сонгуулийн ямар тогтолцоо, хууль, эрх зүйн орчин залуучуудад хэрэгтэй байх зэрэг зарчмын олон асуудлаар байр сууриа нэгтгэх чухал үүрэг энэ удаагийн Бага чуулганы хуралдаанд оногдож байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Бага чуулганы ээлжит хуралдааны үеэр АЗХ-оос санаачлан хэрэгжүүлж “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн зорилтын чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд тус холбооны гишүүдийн зүгээс Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар, монгол залуу хүний хөгжлийн талаар ихээхэн бодитой санал, санаачлагууд олноор гарч байсан юм.

Мөн хуралдааны үеэр сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцооны талаар АЗХ-ны баримтлах дараах бодлого, байр суурийг тодорхойлсон байна. Үүнд :

  1. Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2012 оны бүх шатны сонгуулийг пропорциональ давамгайлсан холимог сонгуулийн тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.  
  2. Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2012 оны УИХ-ын сонгуулийг явуулахдаа нэг тойрогт оногдох мандатын тоог тойргийн сонгогчдын тоотой уялдуулан тэнцвэртэй тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.
  3. Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр нэгэн зэрэг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн тус Бага чуулганы хуралдааны хэлэлцэх нэг гол асуудал нь АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал байсан бөгөөд холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Бямбадоржийг АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top