Хятадын Засгийн газар Өвөр Монголчуудын уламжлалт мал аж ахуйг устгаж, газар нутгийг нь уул уурхай, үйлдвэрийн район болгож байгаад нутгийн иргэд ихэд дургүйцдэг. Өвөр Монголын Ордос хошууны Хөхтолгой Гачаа хэмээх газар Өвөрмонгол малчин эрийг Хятадын газрын тос тээвэрлэгч том оврын ачааны машины жолооч дайрч хөнөөсөн хэрэг дахин гарлаа. Аравдугаар сарын 20-нд малчин Зоригт малын бэлчээрт ачааны машинуудыг оруулахгүй гэж эсэргүүцсэний төлөө амиа алдсан байна. Тэрээр дайруулсан өдрөө эмнэлэгт нас баржээ. Тэндхийн малчид малын бэлчээрийг сүйтгэж, мал хөрөнгийг нь дайрч, хяддаг Шүүрхэй газрын тос тээвэрлэгч компанийн жолооч нартай байнга тэмцэлддэг бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа зодуулж, эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Өвөр Монголчуудыг үймээн дэгдээж болзошгүй гэж сэрэмжлэн Хятадын Синьхуа агентлаг дээрх хэргийг зам тээврийн осол хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд дээрх хэргийн талаар мэдээлсэн Хятадын www.sina.com.cn интернэт сайтаас уг мэдээлэл тэр дороо алга болсон байна. Урьд нь ч ийм хэргүүд цөөнгүй гарч байсан удаатай. Өвөрмонголын баруун Баарин хошуунд хятадын саятан Сүй Өвөрмонголын бэлчээрээ хамгаалсан малчдыг зодож, бульдозер, тээврийн хэрэгслээр малыг нь дайрч алсан хэрэг өдүүлж байсан бол ачааны машины хятад жолооч Шилийн гол аймгийн малчин залуу Мэргэнийг машинаар дайрч, 150 гаруй метр газарт чирч давхин, амь насыг нь хөнөөсөн билээ. Хятадын автономит улс Өвөрмонголын Шилийн гол аймагт гарсан энэ хэрэг үндэстний цөөнх болох Өвөр Монголчуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулахад хүргэсэн юм.
Тэд тууштай тэмцсэний хүчинд малын бэлчээрээ сүйтгүүлэхгүй хэмээн эсэргүүцсэн малчныг дайрч алсан ачааны машины жолооч Ли Лин Доныг цаазаар авах ялаар, туслах жолоочид нь бүх насаараа шоронд суух ял онооход хүргэж байсан билээ.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )