Их Британи Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж BBC телевизийн “Хард Ток” нэвтрүүлэгт уригдаж, ярилцлага өглөө. Хард Ток буюу (Hard Talk) “Хэцүү яриа” нэвтрүүлэг нь 1997 оноос хойш BBC телевизийн хамгийн их үзэгчидтэй нэрд гарсан нэвтрүүлгүүдийн нэг болсон бөгөөд хагас цагийн турш халз ярилцлагын хэлбэрээр явагддаг юм.
Энэ нэвтрүүлгийн үе үеийн хөтлөгчид нь “BBC”-ийн дэлхий нийтэд танигдсан, алдартай, тэргүүлэх сэтгүүлчид, олон улсын тоймчид ажилладаг бөгөөд тэд хүнд хэцүү асуултаар зочдоо сорьдог юм. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцлага хийсэн хөтлөгч Тим Франкс өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Билл Клинтон нар болон бусад орны лидерүүд, төр засгийн тэргүүн нартай ярилцлага хийж байсан туршлагатай нэгэн юм.
Тэрээр “Монгол Улс байгалийн ашиглаагүй асар их нөөц баялагтай, эдийн засаг нь ирэх арван жилд 10 хувиар өсөх төлөвтэй байгаа гэж шинжээчид дүгнэж буй талаар юу хэлэхсэн бол? Тэр их баялгаа хэрхэн шударгаар хуваах вэ гэдэг асуудал Ерөнхийлөгч таны санааг зовоож байна уу? Хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа хэрхэн зохицуулдаг вэ? Монгол Улс эрэлт хэрэгцээ ихтэй Хятад Улстай ойр дөт оршдогийн хувьд төмөр зам тавиад л амархан борлуулчих нь танай зах зээл юм биш үү, эсвэл монголчууд түүнээс болгоомжилж байна уу? Орос танай найдвартай түнш мөн үү ер нь Монгол нүүрс, алт, зэсээрээ хэтэрхий олон орны анхаарлыг татаад байгаа юм биш үү?” гэх мэт олон сонирхолтой асуулт тавилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариултдаа “Монгол Улс бол нээлттэй, эрх чөлөөтэй орон. Дэлхийд байгалийн баялгаараа эхний аравт ордог орны нэг. Монгол Улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа тэнцвэртэй байлгахыг эрхэмлэдэг. Түүнээс гадна бид гурав дахь хөршийн бодлого бас баримталдаг. Мэдээж хятадын зах зээлийг бид тооцож байгаа. Орос руу ч, Хятад руу ч төмөр зам тавина. Хоёр хөршөөрөө хязгаарлахгүй Солонгос, Япон гээд дэлхийн бусад оронд ч баялгаасаа гаргана. Хамгийн гол нь баялгаас олох ашиг цөөн хүний халаасанд бус нийт иргэдэд хүртээлтэй байх ёстой. Канад, Австрали гээд нээлттэй, ил тод орнууд баялгаа ашиглан амжилтад хүрсэн байдаг. Тэгэхээр бидэнд алдаа, онооноос нь сурах орнууд байна. Монголын ард түмэн хяналтаа тавьж, тэдний саналыг бид шийдвэр гаргахдаа үндэс болгодог. Монгол Улс зөв чиглэлээр явж байгаа гэж итгэж байна. Байгалийн баялгаас олох орлогыг эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудалд зориулна. Монгол Улс өнөөг хүртэл голчлон түүхий эд экспортолдог. Үүнийг ард түмэн таашаахгүй байгаа. Одоо эх орондоо аль болох боловсруулах, ажлын байр бий болгох, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох чиглэл барьж байна. Энэ чиглэлд бас баялгаас олсон мөнгөө хөрөнгө оруулалт болгоно...” зэрэг хариултыг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )