Луйвар нь илчлэгдсэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн ард Д.Зоригт гишүүн өрийн дансаа “дараад” сууж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 25

“Жаст” группын хамаг булхай дэлгэгдэж, олны сонорыг жинхэнэ мялаах шиг болж байна, сүүлийн өдрүүдэд. Хүн гэгч амьтан элдэв хачирхалтай мэдээллээс ямар уйдах биш дээ. Зарим нь бухимдахдаа байж сууж чадахаа болихыг яана. “Жаст”-ын тухай муу мэдээ ч бас хүмүүсийг бухимдуулан, гайхшруулж  байна. Zindaa.mn сайд урьд нь тус компанийн луйврын зах зухаас мэдээлж байсан юм. Одоо харин булхай луйвар нь бүр ч тодорхой  боллоо. Тус группын захирал Ш.Батхүү нь Ерөнхий сайд асан С.Баярын ойр дотнын найз гэдгийг хүн болгон сайн мэддэг болжээ. Түүний дэмжлэгтэйгээр “Хадгаламж” банк “Жаст”-д шилжсэн гэнэ. Шилжсэн ч юу байхав дээ, Сергей Громовоос “худалдаж” авсан гэх юм билээ. Ингэж банк санхүүгийн “А”-ч үгүй хүмүүсийн гарт “Хадгаламж банк оржээ. Дараа нь Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк болж хувирсныг иргэд маань нэлээд хожуу олж мэджээ. 2009 онд Оросын Ерөнхий сайд В.Путин Монголд айлчилж, үүний дараахан тус улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн мөнгө “Хадгаламж”-д төвлөрөх болсныг маш цөөн хүн мэдэж байв. Улмаар Оросын “ЭМ-DU” гэдэг компаниас тус банкинд 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн байлаа. Гэтэл Ш.Батхүү “Хадгаламж” банкаа Монголын “Үндэсний банк” гэж мэлзсээр яваа ажээ. Олон овоотын уурхайн алтыг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр хэд хэдэн банкны өр зээлээ төлж дийлэхгүй болмогцоо Ш.Батхүүд зарсан нь ч бас учиртай. Ш.Батхүү ч, Ц.Мянганбаяр ч өрийн тулам болоод ирэхээрээ “Олон овоот”-ыг дундаа хийгээд банкны зээлээр “Машиндаж” байжээ. “Монгол шуудан” банк тэдэнд ойролцоогоор 1,5 орчим тэрбум төгрөгийн зээл бас олгосон байв. Одоо Ш.Батхүү “Олон овоот”-ыг Ц.Мянганбаяраасаа хэд хэдэн банкны зээлийн өртэй  нь худалдан аваад “шавар”-т сууж байна. Дээр нь түүний банкнаас авсан 23 тэрбум гаруй төгрөгийн өрийн данс ярайтлаа жагсаад байж байгаа аж. Үүнээс гадна “Монгол шуудан” банкыг савалгаанд оруулж, “Хадгаламж”-тай нэгтгэхэд ч  тэд “чухал” үүрэг гүйцэтгэсэн байв. Мөн “Монгол шуудан” банк дангаараа ажиллаж байх үед УИХ-ын гишүүн Д.Зоригт тус банкнаас их хэмжээний зээл авч, хувийн компаниудын хувьцааг худалдан авсан тухай баримт гарч ирлээ. Түүний зээлийн өр бас  л төлөгдөөгүй байгаа бололтой. Ийнхүү Ш.Батхүүгийн хуйвалдааны ард томоохон улс төрчид “тоглоод” сууж байгаа юм байна.  

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top