Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль төгсөгчдийн дипломд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын Ерөнхийлөгч “бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай” гэсэн зарлиг гаргасан бөгөөд үүний дагуу дипломыг ийнхүү өөрчилж байгаа юм байна. Одоогоор их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөд олгох дипломын монгол бичгээр бичсэн загварыг БСШУЯ-наас батлаад байгаа ажээ. Гэхдээ дипломын нууцлалыг чанд хадгалах үүднээс одоохондоо Үнэт цаасны газарт загварыг нь өгөөгүй бөгөөд ирэх дөрөвдүгээр сард өгөхөөр товлосон гэнэ.
Харин энэ өвөл төгсөх оюутнууд монгол бичигтэй диплом авах боломжгүй юм байна. Учир нь Ерөнхийлөгчийн зарлигийг тусгасан диплом, боловсролын гэрчилгээг энэ хавар олгохоор болсон бөгөөд өнөөдрийн байдлаар суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний монгол бичигтэй загварыг батлаагүй байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )