Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг 2016 он гэхэд устгана

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 26

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээ болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллах, шаардагдах хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн багцад тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад оруулан санхүүжүүлэхийг холбогдох сайдууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр”-өөр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нийтэд мэдээлж, сурталчилж байхыг даалгалаа. 2006-2007 онд явуулсан судалгаагаар манай улсад 5-17 насны 71 мянга гаруй хүүхэд ажил хийж байгаагийн 89 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Тэдний 90 хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүйгээр, 8,8 хувь нь хувиараа, 1,6 хувь нь тодорхой хэмжээний цалинтай ажилладаг байна. Ажил хийж байгаа нийт хүүхдийн 16 хувь буюу 11 мянга гаруй нь насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон, хүнд хортой нөхцөлтэй ажлын байранд, мөн уртасгасан цагаар ажиллаж байгаа нь дээрх судалгаагаар тодорхой болжээ.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт :

  • Боолчлолын бүх хэлбэр, хүүхэд худалдах, дамжуулан худалдах, барьцаалах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, гуйлга гуйлгах, албадан хөдөлмөр хийлгэх зэрэг хөдөлмөрийн мөлжлөг
  • Бэлгийн мөлжлөг буюу хүүхдийн биеийг үнэлэх, садар самууны зорилгоор  ашиглах, зуучлах, санал болгох
  • Хулгай, дээрэм хийлгэх, мансууруулах бодис зөөлгөх, борлуулах, үйлдвэрлэх зэрэг хууль бус ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох
  • “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-“д заасан аюултай ажлын байр, ажил мэргэжил, эсвэл газрын дор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил хийлгэх, тэдгээртэй адилтгах ажилд оролцуулах зэрэг багтдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top