Засгийн газрын хуралдааны товч мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 26

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 17-24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий санал, шүүмжлэлд оролцож, Нью-Иорк хотод ажилласан дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтов.
  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт, тус улсын Улаан-Үүд хотноо Ерөнхий консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Энэ тухай хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Очирбат нар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Хуралдаанаар эдгээрийг хэлэлцэн асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
  • Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тайлант хугацаанд Засгийн газар 6 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэн 16 асуудалтай танилцаж холбогдох шийдвэр гаргажээ.  Үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn цахим хуудасны “Засгийн газрын мэдээ, мэдээлэл, хуралдаан” булангаас үзэх боломжтой юм. Мөн хуралдаанаар  иргэдээс энэ оны 3 дугаар улиралд Засгийн газарт болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалтай танилцлаа.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, дэмжигдсэн тохиолдолд гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
  • “Баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн гүйцэтгэгчээр Бельги Улсын FSEкомпанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төслийн санхүүжилтийн хэлэлцээр байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгажээ. 6 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд баруун бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд олон жил ашиглаж байгаа эмчилгээ, оношлогооны тоног, төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах юм.
  • Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг хавсралтаар баталлаа. Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд дээрх үнэлгээг мөрдөхийг холбогдох сайдууд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, бялууны төрлийн үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралтаар баталж, ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болов. Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай авч ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top