Н.Энхбаяр, Н.Болормаа, Ц.Батбаяр нар “Хэрэг хамууд” гэдэг нь тодорхой, Ц.Нямдорж ч бас “но”-той

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 28

Олигархиудын ил болоод далд тулаан үргэлжилсээр байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан нэгэн сүр дуулиантай мэдэгдэл гаргаж, түүндээ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг гурван хаус, нэг сая орчим долларын үнэтэй байрыг Авлигатай тэмцэх газар болон эдийн засгийн цагдаагаар шалгуулахыг шаардсан юм. Ц.Нямдорж 6 тэрбум орчим төгрөгийн үнэтэй эдгээр хөрөнгийг хэрхэн хуримтлуулсан нь хууль хяналтынхны анхаарлыг татах нь гарцаагүй болов бололтой. Н.Энхбаяр түүний авлигын талаарх иймэрхүү олон баримтыг гартаа атгаад сууж байгаа гэдгээ бас нуусангүй. Ц.Нямдорж харин энэ бүхнийгээ үгүйсгэж, Н.Энхбаяр руугаа дайрч эхэллээ. Өөрөөр хэлбэл нэгэн цаг үед улс төрийн өндөрлөгт гар гараасаа барилцан, хөтөлцөөд  гарч ирж байсан хоёр “хатуу” эр бие биеэ ийнхүү халз тулаанд дуудаж байна. Ингэх болсны учир шалтгаан бас дэндүү олон ажээ. Ардын намаас өрх тусгаарлан, хуучин МАХН-ыг хэвээр авч үлдэхийг хичээсэн Н.Энхбаяр гэв гэнэт төрөл арилжсан мэт “Ц.Нямдорж мэтийн олигархиудыг улс төрөөс арчиж хаяна” хэмээн зарлаж байна. Монголын улс төрийг бохир заваан замаар анхнаас нь хөтөлсөн том бүлэглэлийг  Н.Энхбаяр өөрөө толгойлж байлаа. Тэр Монголын шинэ үеийн “дарангуйлагч” гэсэн том пайзыг энгэртээ зүүх хүртлээ олон нийтэд дэндүү сайн танигдсан хүн. Түүний идэж уусан өмч хөрөнгө мундахгүй их. “Улаанбаатар таймс” сонин, телевиз, “Өргөө” зочид буудлыг нь хүмүүс мартаагүй байгаа. “Улаанбаатар таймс”, сонин “Өргөө” зочид буудал хоёр нь одоо эрүүгийн хавтаст хэргийг “чимэглэж” байна. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар Н.Энхбаярт хэрэг үүсгэн шалгаад нэлээд хугацаа өнгөрчээ. “Өргөө” зочид буудал бол Нийслэлийн өмчинд хамаарч байсан юм. 2007 онд үүнийг ямар ч тендергүйгээр Н.Энхбаярынханд шилжүүлэх ажлыг зохион байгуулсан хүмүүс нь гэвэл тухайн үед НИТХ-ын дарга байсан Н.Болормаа, хотын захирагч асан, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хоёр мөнөөс мөн. “Өргөө”-гийн 75 хувийн эзэмшлийг тэд Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Ремиф” компанийн охин компани болох “Хар дун” компанид өгчээ. Ийм арилжаа хийхдээ Н.Энхбаярын хүү Э.Батшугар нийслэлд нэг ч төгрөг төлөөгүй гэдэг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Батбаярын дүү Ц.Бат-Эрдэнэ нь өөрийн “Ганьт” компаниасаа Н.Энхбаярын хүүд нэг тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь ч хуулийнхны шалгалтаар илрээд байгаа юм. Энэ мөнгө урьд нь хаана байршиж байгаад тийнхүү Н.Энхбаярынхан руу гулсаж орсон юм бол оо. Бас шалгах ёстой л асуудал байх. Мөн хэдэн сарын турш Н.Энхбаярынхны үүсгэсэн будлианы улмаас шоронд суугаад гарсан сэтгүүлч Д.Чулуунбаатар нь “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын цаад нарийн нууцыг дэлгэхээсээ үнэндээ айж байсан болов уу. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр байгаа “Медиа Холдинг” компаниас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Д.Чулуунбаатарыг хүзүүг ороох хуйвалдааны нэг жижигхэн хэсэг нь л байсан гэж эх сурвалжууд хэлээд байгаа. 

Энэ бүхнээс эрэгцүүлэхэд өнөөдөр Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын тулаан зөвхөн энэ хоёр лут эрийн дунд өрнөх төдий үйл явдал биш ажээ. Цаашдаа Н.Болормаа хатагтай, Ц.Батбаяр гээд хүрээгээ тэлэх нь гарцаагүй болж байна. Түүнчлэн Ц.Нямдоржийн олон хаус, Алтжингийн Г.Алтангийн хаяаг дэрлэн айлсаж “буусан” нэг сая гаруй долларын үнэтэй байр, Гүнтийн аман дахь бас нэг саус зэргийг ухаад байвал багагүй хэмжээний авлига, луйврын хэрэг мандаад ирэх нь тодорхой боллоо. Гэвч Ц.Нямдорж “Би айлын байр хөлслөөд амьдарч байгаа” гэж хэнэг ч үгүй залахыг яана. Нэг сая ам.долларын үнэтэй байрыг сард хэдэн төгрөгөөр хөлслөн  сууж байгаа бол оо, мань эр. Өөр хүний нэр дээр MCS группээс уг байрыг өөртөө худалдаж авсан гэдэг нь эцэстээ нотлогдвол Хууль зүй, дотооод хэргийн сайд Ц.Нямдорж гуай маань Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынхаа араас шүүхэд дуудагдаж таарах байх аа.

Юутай ч ийнхүү хоёр том “бух” мөргөлдөөд эхэлчихлээ. Хүмүүс одоо энэ тулааны төгсгөлийг илүү их сонирхож байгаа болов уу.

     Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top