Монгол Улсаа сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найрууллаа. Эх орноо сурталчилан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид үндэснийхээ бүжгийн гайхамшгийг харуулсан сайхан тоглолт боллоо.
Дэлхийн лидерүүд үгээ хэлж бодлогоо тодорхойлдог НҮБ-ын чуулганы танхимд морин хуур аялгуулж, монгол ардын уртын дуу цуурайтсан нь олон орны дипломатчдын бишрэлийг төрүүллээ. Өдгөөгөөс 50 жилийн тэртээ буюу 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд энэ жил 50 жилийн ой тохиж буй юм. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг бүхий НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэг авах өргөн боломж нээгдсэн билээ.
Монголчууд морин хуурын аялгуу эгшиглэхэд гэрийн жавар арилдаг хэмээн билэгшээдэг. Хуурын аялгуу цуурайтсан энэ тоглолтын үеэр монголчууд уран нугаралт, ардын бүжгээ толиллуулж, дэлхийн сонгодог бүтээлүүдийн цоморлигоосоо ч толилууллаа. Хөөмийн түрлэгийг үзэгчид илүүтэй сонирхлоо. ОХУ-ын Санкт-Петербургт энэ оны есдүгээр сард болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин дуурийн алдартай ариг дуулсан нь монголчууд дан ганц ардын урлагаараа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлагаар гайхагдах их авьяастай ард түмэн гэдгийг дэлхийн олон улсад таниулсан хэрэг болооо. 50 жилийн өмнө манай улс тусгаар тогтнол аюулгүй байдал байдлаа баталгаажуулж, олон улсад нэр хүндээ өсгөх түүхэн алхмаа хийж байсан Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы энэ танхимд өнөөдөр монголчууд бид бахархах түүх соёл, ёс заншилтай, хөгжил дэвшилд хүрсэн ард түмэн гэдгээ харуулсан тоглолт хийж чадлаа. Бүтэн нэг цагийн турш орон орны дипломатчдыг “уяж” чадсан энэ тоглолт эх орноо сурталчилсан сайхан тоглолт боллоо хэмээн хүмүүс ам сайтай байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )